АНУ-ын Сан-Франциско хотод Ази, Номхон далайн эдийн засгийн дээд хэмжээний уулзалт болох үеэр хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор тус хотод гудамжинд амьдардаг орон гэргүй хүмүүсийг нүүлгэсэн талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан.
Тухайн үед гадаад орнуудын өндөр дээд албан тушаалын төлөөлөгчдийн нүдэнд хотыг цэвэр цэмцгэр харуулахын тулд орон гэргүйчүүдийг хотын төв гудамжаас нүүлгэж, түр амьдрах хуаранд байршуулж байжээ. Улмаар Сан-Франциско хотод дээд хэмжээний уулзалт болж өндөрлөсний дараа орон гэргүй хүмүүс эргээд хотыг зорьсон ч энэ хотод орон гэргүйчүүдийг хөөх ажил дахин эхэлсэн талаар МИР24 суваг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, орон гэргүйчүүдийг Сан-Франциско хотын гудамжаас цагдаагийнхан хөөж, харин орон гэргүй хүмүүс эсэргүүцэл үзүүлж байгаа гэнэ.
"Хог шиг шүүрдэж хаях гэж байгаа юм шиг л сэтгэгдэл төрж байна. Хажуугаар хүмүүс өнгөрч байгаа ч энэ байдлыг тоож ч харахгүй. Бид хог биш хүн шүү дээ" гэж орон гэргүй Дэвид Сьоберг МИР24 сувгийн сэтгүүлчид ярьжээ.
Зөвхөн Сан-Францискод төдийгүй Лос-Анжелесаас Нью-Йорк хүртэл томохоон хотуудад ч орон гэргүйчүүдийг төв гудамжнаас хөөж байгаа гэнэ. Албан ёсны мэдээллээр, АНУ-д 600 мянга орчим орон гэргүй хүн байдаг аж. Харин тэднийг томоохон хотуудаас хөөж байгаа нь хууль бус үйлдэл гэж нийгмийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг өмгөөлөгчид үзэж байгаа бөгөөд тэд шүүхэд нэхэмжлэл гаргаж, мужуудын эрх баригчдыг АНУ-ын Үндсэн хуулийг зөрчсөн гэж буруутгаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |