ХАМАС, Израил сар гаруй хугацаанд дайтсаны эцэст Катар, Египетийн зуучлалаар хэлэлцээ хийж, ХАМАС-т олзлогдсон хүмүүсийг суллах, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэх зорилгоор дөрөв хоногийн хугацаанд гал зогсоохоор тохиролцсон. Энэ тохиролцооны дагуу 11 дүгээр сарын 24-нөөс эхлэн дөрвөн өдөр гал зогсоож, улмаар энэ эвлэрлийг дахин хоёр хоногоор сунгаж байсан юм.
Хоёр хоногоор сунгасан эвлэрлийн хугацаа 11 дүгээр сарын 30-ны өглөө дуусах байсан. Харин талууд дахин тохиролцож, эвлэрлийг нэг өдрөөр сунгахаар болсон байна. Мөн хэлэлцээрийн хүрээнд гал зогсоосон өдөр бүр ХАМАС дор хаяж 10 хүнийг олзноос чөлөөлөх үүрэг хүлээжээ. Харин Израилын тал олзноос суллагдсан 10 хүний хариуд 30 палестин хоригдлыг Израилын шоронгоос суллах аж.
Талуудын тохиролцсоноор 11 дүгээр сарын 30-ны пүрэв гарагт бүтэн өдөр гал зогсоох юм байна. Гал зогсоох хугацаанд олзны хүмүүсийг хоригдлуудаар солих ёстой ч одоогоор талууд суллах хүмүүсийн жагсаалтыг тохиролцож чадаагүй байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |