Америкийн Osprey цэргийн онгоц Японы өмнөд хэсэгт тэнгист сүйрчээ. Энэ талаарх мэдээллийг Японы эргийн хамгаалалтын албаныхнаас авсан эх сурвалжтайгаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн цэргийн онгоц Японы өмнөд хэсэгт Якусима арлаас холгүйхэн тэнгист сүйрсэн бөгөөд тухайн үед онгоцонд найман хүн зорчиж явсан гэнэ. Ослын дараа нэг зорчигчийг сүйрлийн газраас холгүйхэн ухаангүй хэвтэж байхад нь олжээ. Гурван хүний цогцосыг тухайн газарт загасчилж байсан эр гарган авсан бол бусад зорчигчид хэрхсэн талаарх мэдээлэл гараагүй байна. Урьдчилсан мэдээллээр, онгоц тэнгис рүү доошлох үед онгоцны зүүн хөдөлгүүр шатсанаас үүдэн онгоц осолдсон аж.
NHK сувгийн мэдээлснээр, Osprey онгоц Америкийн Ивакуни баазаас Окинава дахь Каден бааз руу нисэх замдаа ийнхүү осолдсонбайна. Энэ онгоц Токио дахь Америкийн Йоката баазад харьяалагддаг аж.
Энд дуулгахад, 2016 онд Osprey онгоц сүйрсний улмаас Окинавад энэ онгоцыг ашиглахыг түр хориглосон байсан юм. Osprey нь нисдэг тэрэг болон хөдөлдөггүй далавчтай онгоцны үүргийг хослуулсан цэргийн онгоц бөгөөд тоног төхөөрөмж, мэргэжилтнүүдийг зөөхөд ашиглагддаг. Энэ онгоц хурд, маневарлах чадвараараа алдартай ч энэ онгоцтой холбоотой хэд хэдэн осол гарч байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |