ХАМАС Путинийг хүндэтгэж байгаагаа илэрхийлэн олзноос Оросын иргэдийг суллахаа амлажээ
2023-11-30

ХАМАС бүлэглэл өнгөрсөн сард Израил руу гэнэт халдаж, олон хүний амийг хөнөөсний дээр 240 орчим хүнийг барьцаалсан юм. Эдгээрийн дунд Израилаас гадна бусад улс орны иргэд ч багтаж байгаа. Сөргөлдөгч талуудын тохиролцооны хүрээнд гал зогсоох хугацаанд ХАМАС Израилын иргэдийг олзноос суллаж байгаа бол өнөөдөр ОХУ-ын иргэншилтэй хүмүүсийг суллана хэмээн амлажээ. 

 

"Өнөөдөр бид Оросын иргэншилтэй хүмүүсийг олзноос суллана" гэж ХАМАС бүлэглэлийн улс төрийн товчооны орлогч дарга Муса Абу Марзук олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна. Энэ нь Израилын талтай хийсэн хэлэлцээртэй хамааралгүй, Владимир Путиний байр суурийг хүндэтгэж байгаагийн илрэл болгон хийж буй алхам гэж тэрбээр онцолжээ. 

 

Марзукын өгүүлснээр, ХАМАС олзноос сулласан цорын ганц эрэгтэй нь Оросын иргэн Рон Олегович Крившой байсан гэнэ. Зөвхөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг суллаж байсан ХАМАС Оросын иргэн эрэгтэйг сулласан нь "Ерөнхийлөгч Путиний байр суурийг хүндэтгэж байгаагийн илрэл" гэж Марзук мэдэгджээ. Цаашлаад бусад Оросын иргэдийг ч суллана гэж тэрбээр мэдэгдсэн ч хичнээн хүн суллагдах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Террористууд террористод хайртай!!!
2023-11-30