Нэрт хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн эсрэг хамтын зарга үүсгэн, нэг тэрбум доллар нэхэмжилж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Флоридагийн тойргийн шүүхэд хөлбөмбөгийн од Криштиану Роналдугийн эсрэг хамтын зарга ирсэн байна. Энэ нэхэмжлэлийг хөрөнгө оруулагчид гаргасан бөгөөд криптовалютын Binance биржийг сурталчилсаны улмаас тэд ихээхэн хохирол амссан гэж хөрөнгө оруулагчид мэдэгджээ.
Нэхэмжлэлд, Криштиану Роналду Binance дээр бүртгэгдээгүй үнэт цаасыг худалдах, худалдан авахыг идэвхтэй сурталчилж байсан хэмээсэн байна. Өнгөрсөн оны дундуур Binance Роналдутай гэрээ хийж, NFT-ээ сурталчлуулсан юм. Роналду NFT-г сурталчилсны улмаас хөрөнгө оруулагчид итгэж, Binance-ийг өөр зорилгоор ч ашиглах болсон хэмээн хөрөнгө оруулагчид мэдэгджээ.
"Роналду сурталчилснаар Binance бүртгэгдээгүй үнэт цаасанд хөрөнгө оруулалт ихээр татаж, Роналдугийн хэдэн сая шүтэн бишрэгч, дагагч Binance-д мөнгөө оруулсан" гэж шүүхэд гаргасан гомдолд өгүүлжээ. Түүнчлэн Роналду алдартай, нөлөөтэй хүн байсан тул Binance алдаршсан гэж онцолсон байна. Роналду олон нийтийн сүлжээнд 850 сая орчим дагагчтай, тиймдээ ч тэрбээр Binance-ийг сурталчилсаны дараа NFT-ийн эрэлт нэмэгдэж, платформын нэр алдар ч өсчээ.
Хөрөнгө оруулагчдын мэдэгдсэнээр, Роналду сурталчилж, криптовалют арилжаалснаас ердөө долоо хоногийн дараа л ийм валютын эрэлт 500 хувь нэмэгдсэн гэнэ. Роналду Binance дээр бүртгэдээгүй үнэт цаасыг худалдаалж байсан гэдгийг мэдэж байсан хэмээн хөрөнгө оруулагчид мэдэгдээд, үүний төлөө Роналду хариуцлага хүлээх ёстой гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаа аж.
Тиймээс найдваргүй газрыг сурталчилж, хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулан, их хэмжээний хохирол учруулсан Роналду нэг тэрбум долларын нөхөн төлбөр өгөх ёстой гэж хөрөнгө оруулагчид мэдэгдсэн байна.
Роналдугийн эсрэг үүсгэсэн заргыг Binance-тай холбоотой хуулийн асуудал үүссэний дараа гаргасан нь энэ юм. Өнгөрсөн долоо хоногт Binance-ийг үүсгэн байгуулагч Чанпэн Жао мөнгө угаахтай тэмцэх журам, Банкны нууцын тухай хуулийг зөрчсөн хэрэгт буруутгагдаж, тэрбээр үүнийгээ ч хүлээн зөвшөөрч, албан тушаалаасаа буусан. Одоо биржийн ерөнхий захирлын албан тушаалыг Ричард Тенг хашиж байгаа бол Binance 4.3 тэрбум долларын торгууль төлөх болсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |