Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакистай уулзахаар төлөвлөж байсан ч энэ уулзалтыг гэнэт цуцалжээ. Улмаар энэ нь хоёр орны хооронд дипломат дуулиан өдөөсөн байна.
Риши Сунак уулзалтаа цуцлах болсон нь Парфеноны баримлаас улбаатай. Британийн музейд хадгалагдаж буй Парфеноны гантиган баримлыг "хулгайлагдсан" гэж Грекийн Ерөнхий сайд нэгэн ярилцлагадаа өгүүлсний улмаас Риши Сунак уулзалтаа цуцалжээ.
Энэ баримлыг Османы эзэнт гүрний зөвшөөрлөөр XIX зууны эхэн үед Британийн дипломатч, гүн Элгин Грекээс зөөж авчирсан байна. Тухайн үед орчин цагийн Грекийн нутаг дэвсгэр Османы эзэнт гүрний харьяанд байжээ.
Гантиган баримлын тал нь өдгөө Лондонд байдаг бол үлдсэн хэсэг нь Афинд тусгайлан байгуулсан музейд байрладаг аж. Баримлыг таллан хуваасан нь "Мона Лиза"-г хуваасантай ижил хэмээн Грекийн Ерөнхий сайд Мицотакис зүйрлэсэн нь Британийн Засгийн газрын дургүйцлийг төрүүлсэн байна.
Грекийн тал энэ баримлыг эргүүлэн өгөхийг шаардсан бол Британийн засгийн газрын хэвлэлийн алба мэдэгдэл хийхдээ, "баримлыг тухайн үедээ хууль ёсоор авчирсан, хуулийн дагуу музейд харьяалагдана" хэмээн онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |