Украины Тагнуулын газрын даргын эхнэрийг хордуулсан талаарх мэдээллийг Украины хэвлэлүүд дамжуулжээ. Энэ мэдээллийг Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар ч мөн баталсан байна.
Тодруулбал, Тагнуулын Ерөнхий газрын дарга Кирилл Будановын эхнэр Марианна Буданова хүнд металлын хордлого авсан, одоо курс эмчилгээ хийлгээд дуусч байгаа гэж Тагнуулын Ерөнхий газрын төлөөлөгч Андрей Юсов ВВС агентлагт мэдээлжээ.
Юсовын өгүүлснээр, Тагнуулын ерөнхий газрын өөр хэдэн ажилтанд хордлогын хөнгөн шинж тэмдгүүд илэрсэн гэнэ.
"Будановын эхнэр жин багатай учир хордлого хурдан илэрсэн. Түүнчлэн өөр хэдэн ажилтан хордсон ч батлагдсан. Тэд том биетэй учраас анхандаа хордлогын шинж тэмдэг илрэхгүй байсан, харин одоо тэд эмчлүүлж байгаа" гэж Андрей Юсов мэдэгджээ.
Украины "Бабель" сонины мэдээлснээр, Марианна Будановагийн эмчилгээ дуусаж байгаа, цаашид эмчийн хяналтад байх гэнэ. Түүнийг хүнд металлаар хордсон гэж таамаглаж байгаа аж.
"Эдгээ бодисыг ахуйд болон цэрэгт ашигладаггүй. Ийм бодисууд илэрсэн нь тодорхой нэг хүнийг зориудаар хордуулах зорилготой байсан гэдгийг харуулж байна" хэмээн Юсов мэдэгджээ.
Кирилл Будановыг онилсон байсан уу?
ВВС агентлагийн мэдээлснээр, Будановын эхнэр хордсонтой холбоотойгоор эрүүгийн хэрэг одоогоор нээгээгүй, гэхдээ ойрын үед албан ёсоор мөрдөн шалгаж эхлэнх магадлалтай гэнэ.
Будановын эхнэр ийнхүү хордсоны дараа халдлагын жинхэнэ бай нь Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын Ерөнхий газрын дарга Кирилл Буданов байсан байж болзошгүй гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Вашингтон Пост сонины мэдээлснээр, Будановын амь насанд халдах оролдлого өмнө нь 10 гаруй удаа гарч байжээ. Тухайлбал, 2019 онд түүний машинд бөмбөг суурилуулсан байсан гэнэ. Азаар энэ талаар урьдчилан мэдэж, аюулгүй болгож байжээ.
Буданов Америкийн нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө амь насанд нь халдах оролдлого гарах бүрийд илүү сонор сэрэмжтэй байх шаардлага тулгардаг, гэхдээ л нэн эрсдэлтэй ажиллагаа хариуцдаг тул аюул хаанаас ирэхийг мэдэхэд хүнд хэмээн ярьж байсан аж.
Буданов ихэвчлэн офистоо л амьдардаг, олны дунд гарах нь ховор гэнэ. "Түүний өрөөнд бүтэн өдөржин сонгодог хөгжим эгшиглэдэг. Энэ нь өрөөнд болж буй яриаг сонсох гэсэн аливаа оролдлогоос хамгаалах арга байж мэдэх юм" хэмээн Америкийн сонинд бичжээ.
Нөхрийнх нь амь насанд халдах нэгэн оролдлогын таалар Марианна Буданова 2022 оны 10 дугаар сард Elle сэтгүүлд ярьж байв.
"Кирилл зөвлөгөөн хийж, өөр өрөөнд байсан. Харин би зарим баримт бичиг уншихаар өөр өрөө рүү орсон юм. Гутлаа тайлаад, цонхны хажуугийн буйдан дээр хэвтсэнээс хэдхэн минутын дараа пуужин нисэж ирэх чимээ сонссон. Ингээд би хаалга руу гүйхэд Кирилл өөдөөс гүйн ирсэн юм. Тэр өдөр бид нөхдийнхөө нэгийг алдсан" хэмээн ярьж байжээ.
Марианна Буданова Тагнуулын ерөнхий газарт ажилладаггүй. Гэхдээ Оросын түрэмгийллээс хойш нөхөртэйгээ хамт түүний өрөөнд амьдрах болсон байна. Марианна 2021 оны зургадугаар сараас Киев хотын дарга Виталий Кличкогийн зөвлөхөөр ажиллаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |