Парист хот, хөдөөгийн орчны давуу талуудыг хослуулсан барилга барьж байна
2023-11-28

Парисын Исси-ле-Мулино дагуул хотод La Serre хэмээх архитектур, дизайны төслийн хүрээнд нэгэн өвөрмөц барилга баригдаж байгаа аж. Энэ барилга нь хот болон хөдөөгийн амьдралын давуу талуудыг хослуулсан гэдгээрээ онцлогтой гэнэ. La Serre нь энгийн нэг орон сууцны барилга биш харин уламжлалт дизайны бүхий л хэв маягийг эвдсэн хотын баян бүрд гэж Францын хэвлэлүүд онцолсон байна. 

 

 

Энэ барилга 18 давхар, ган шонгуудаар хийсэн хүрээтэй байх аж. Энэ хүрээ нь олон тагт, террас, шат, гүүр, явган хүний гарцны каркас болох бөгөөд эдгээрт босоо хэлбэрээр цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм байна. Төлөвлөгөөнд тусгаснаар энэ байрыг хүрээлсэн хэсгүүдэд 390 төрлийн мод тарих бөгөөд зарим нь фасад, зарим нь барилгын дээвэр дээр байх цэцэрлэгт ургах аж. 

 

Ландшафт архитектор Алис Триконы өгүүлснээр, энэ байр ботаникийн жинхэнэ диваажин болох гэнэ. Энд 150 төрлийн ургамал суулгахаас 70 хувь нь нутгийн ургамлууд байх гэнэ. Үүний зэрэгцээ ургамлуудын дунд экологийн цэвэр материалаар шувуу, сарьсан багваахайн үүр барих юм байна.

Барилгад 190 байр байх бөгөөд байр тус бүр ногоон террастай, дунджаар оршин суугч бүрд 15 квадрат метр ногоон байгууламж оногдох аж. Мөн террассууд хоорондоо шат, гүүрээр холбогдож, оршин суугчид хамгийн доод давхар хүртэл шатаар бууж, дэлгүүрээр үйлчлүүлэх эсвэл дээш өгсөж дээвэр дээр байх цэцэрлэгт хүрээлэнд зугаалах боломжтой болох гэнэ. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин