Дэлхийн хамгийн аюултай ажил мэргэжлүүд
2023-11-28

Жил бүр олон сая хүн ажлын байран дээрээ болон ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алддаг байна. НҮБ ажлын байран дээр гарсан золгүй явдал болон ажил мэргэжилтэй холбоотой өвчлөлийн тохиолдлуудыг тооцоолж, хамгийн аюултай ажил мэргэжлийн жагсаалтыг гаргасан байна. 

 

НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гаргасан мэдээллээр, жил бүр гурван сая орчим хүн ажлаасаа болж амиа алддаг аж. Ийм мэдээлэл бүхий тайланг Олон улсын хөдөлмөрийн байгууллага Сиднейд эхэлсэн Дэлхийн хөдөлмөр хамгааллын конгрессын үеэр танилцуулсан байна.

 

Илтгэлд дурдсанаар, зүрх судас, хавдар болон амьсгалын замын өвчлөлүүд ажлын байран дахь ихэнх нас баралтын шалтгаан болдог аж. Олон улсын хөдөлмөрийн байгууллага 2019 оны статистикийг танилцуулсан бөгөөд энэ онд дэлхий даяар 395 сая хүн ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ гэмтэж бэртжээ. Харин жил бүр ойролцоогоор 2,5 сая нас баралт нь хөдөлмөрөөс үүдэлтэй зүрх судас, хавдар, амьсгалын замын өвчлөлтэй холбоотой байдаг бол жил бүр 300 мянган хүн ажлын байран дээрээ амиа алддаг байна.

 

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын бэлтгэсэн тайланд дурдсанаар, ажлын байран дээр амиа алдаж буй эрчүүдийн тоо эмэгтэйчүүдтэй харьцуулахад хоёр дахин өндөр байдаг аж.

 

Шинжээчдийн үзэж байгаагаар, хөдөө аж ахуй, барилга, ойн аж ахуй, загас агнуур гэсэн дөрвөн салбар хамгийн аюултай ажил мэргэжлийн тоонд багтах бөгөөд энэ дөрвөн салбарт ажиллагсад амиа алдах нь хамгийн их байдаг гэнэ.

 

Хөдөө аж ахуй, барилга, ойн аж ахуй, загас агнуур гэсэн салбарууд нь эрсдэлтэй нөхцөлд ажилладаг, тиймдээ ч эдгээр салбарын ажилтнууд ажлын байран дээрээ гэмтэх, амиа алдах эрсдэл нь өндөр байдаг гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллага онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин