ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украины эсрэг дайн өдүүлж, улмаар энэ дайнд бие бүрэлдэхүүний ихээхэн хохирол авсны улмаас цэргийн хүчээ сэлбэх зорилгоор 2022 оны есдүгээр сарын сүүлээр хэсэгчилсэн дайчилгаа зарлаж байсан. Энэ дайчилгааны улмаас ОХУ-ын цэргийн насны эрчүүд олон мянгаараа хилийн чанад руу дүрвэж байв.
Сүүлийн үеийн мэдээллээр, 2022 оны 10 дугаар сараас 2023 оны есдүгээр сарын хооронд ОХУ-ын 57 163 иргэн орогнол авах зорилгоор АНУ-ын хилийн дээсийг алхсан байна. Энэ талаар Москва таймс сонин мэдээлжээ. Дээрх тоо нь өмнөх жилүүдийн үзүүлэлтээс харьцангуй өндөр байгаа юм. Тухайлбал, 2020 оны 10 дугаар сараас 2021 оны есдүгээр сарын хооронд АНУ-аас орогнол хүссэн Оросын иргэдийн тоо одоогийнхоос 4,5 дахин бага буюу ердөө 13 240 байжээ.
2022 оны хоёрдугаар сард ОХУ Украин руу довтолсны дараагаас орогнол хүсэгчдийн тоо өсөж эхэлсэн бөгөөд Орост дайчилгаа зарласны дараа буюу 11, 12 дугаар сард энэ тоо эрс өссөн байна. Оросоос орогнол хүсэхээр ирсэн иргэдийн ихэнх нь Мексикээр дамжин ирдэг аж. Орост үргэлжилж буй дайчилгаа, улс төрийн хавчлага, Украинтай холбоотой эрх баригчдын бодлоготой санал нийлдэггүй зэрэг шалтгаанаар Оросын иргэд АНУ-аас орогнол хүсдэг байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |