Израил, ХАМАС эвлэрлийн хугацааг сунгахаар тохиролцов
2023-11-28

ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израил руу халдсанаар эхэлсэн Израил, ХАМАС-ын хоорондын дайн сар гаруй үргэлжилсний эцэст талууд хэлэлцээр хийж, дөрөв хоногийн хугацаанд гал зогсоож, ХАМАС бүлэглэлд олзлогдсон хүмүүсийг суллаж, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр тохиролцсон. 

 

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт эхэлсэн дөрөв хоногийн хугацаатай эвлэрэл 11 дүгээр сарын 27-ны даваа гарагт дууссан юм. Гэхдээ талууд тохиролцож, эвлэрлийг дахин хоёр хоногоор сунгах болсон талаар хэлэлцээрт зуучлагчаар ажилласан Катарын Гадаад хэргийн яам мэдэгджээ. Энэ хугацаанд ХАМАС бүлэглэлд олзлогдсон 20 олзны хүнийг суллах юм байна. 

 

ХАМАС бүлэглэлийн мэдэгдсэнээр, тохиролцоо өмнөх хэлэлцээртэй адил нөхцөлөөр явагдаж, олзны хүмүүсийн хариуд дор хаяж 60 палестин хоригдлыг Израилын тал суллах юм байна. Эвлэрлийн хугацааг сунгасныг АНУ-ын эрх баригчид дэмжин хүлээн авч, хүмүүнлэгийн түр завсарлага хоёроос дээш хугацаагаар үргэлжилнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин