Өнгөрсөн сарын долооны өдөр Палестины ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт халдаж, 1400 орчим хүний аминд хүрсний дээр 200 гаруй хүн барьцаалан одсон. Үүний хариуд Израил ХАМАС бүлэглэлд дайн зарлаж, Газын зурвасыг бөмбөгдөж, 10 дугаар сарын сүүлээр хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлсэн юм. Израилын тал олзны хүмүүсийг бүрэн чөлөөлөх, ХАМАС-ыг устгах хүртэл байлдаанаа зогсоохгүй гэж мэдэгдэж байлаа. Харин олзны хүмүүсийг чөлөөлөх, Газын зурвасын хүн амд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор сөргөлдөгч талууд гал зогсоох тохиролцоонд өнгөрсөн долоо хоногт хүрсэн юм.
Энэ тохиролцооны хүрээнд ХАМАС бүлэглэл тодорхой тооны олзны хүмүүсийг чөлөөлж, үүний хариуд Израил тус улсад шоронд хоригдож буй эмэгтэйчүүд болон 18 хүртэлх насны 150 палестин хоригдлыг чөлөөлөхөөр болсон. Ингээд баасан гарагт талуудын хэлэлцээ хүчин төгөлдөр болж, гал зогссоноор өнгөрсөн амралтын өдрүүдэд Израил, ХАМАС хүмүүсээ солилцжээ.
Баасан болон бямба гарагт ХАМАС-ын тал 41 олзны хүнийг сулласны хариуд Израил шоронгоос 78 палестин хүн сулласан байна. ХАМАС-ын олзноос суллагдсан хүмүүсийн 26 нь Изриалын иргэн, 14 нь Таиландын харин нэг нь Филлипинийн иргэн байжээ. Цаашлаад, ням гарагт олзны хүмүүсийг палестин хоригдлуудаар солилцох ажиллагааны гурав дахь шат хэрэгжиж, Израилын 13 иргэн олзноос суллагдсаны хариуд Палестины 39 хоригдлыг сулласан байна.
Хүмүүлэгийн завсарлагыг үргэлжлүүлж магадгүй
Израил, ХАМАС-ын энэ хэлэлцээр Катарын зуучлалтайгаар болж өнгөрсөн юм. Улмаар ХАМАС бусад бүлэглэлүүдийн олзонд байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг олж чадвал хүмүүлэгийн түр завсарлагыг сунгаж магадгүй гэж Катарын Ерөнхий сайд мэдэгджээ.
Катарын Ерөнхий сайд шейх Мухаммед бен Абдулрахман Аль Танигийн мэдэгдсэнээр, одоо Газын зурваст өөр бүлэглэлүүдийн гарт Израилын 40 гаруй иргэн олзонд байгаа аж. Тэднийг суллахын тулд түр эвлэрлийг сунгах эсэх нь ХАМАС бүлэглэл олзонд байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг олж чадах эсэхээс хамаарах аж.
Аль Танигийн өгүүлснээр, энэ эвлэрлийн хугацааг ХАМАС бүлэглэл олзны хүмүүсийг олоход ашиглавал сөргөлдөөний завсарлагыг сунгаж болох гэнэ.
"Тэд бусад эмэгтэйчүүд, хүүхдүүдийг олж чадвал эвлэрлийн хугацааг сунгана. Одоогоор бидэнд тодорхой мэдээлэл алга" хэмээн мэдэгдээд, 10 дугаар сарын долооны өдөр барьцаалагдсан эмэгтэйчүүд, хүүхдүүд гээд нийт 90 хүний нэрсийн жагсаалтыг Израил Катарт өгсөн хэмээн онцолжээ.
Эргэн сануулахад, ХАМАС бүлэглэл Израил руу халдах үеэр 1400 орчим хүн амиа алдаж, 240 гаруй хүн олзлогдсон юм. Харин Палестины талаас хийсэн мэдээллээр, Израилын эхлүүлсэн байлдааны ажиллагааны үеэр Газын зурваст 14500 хүн амиа алджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |