ОХУ-ын Сахалин мужийн оршин суугч 44 настай Денис Горин хүний амь хөнөөсөн, хүний мах идсэн хэргээр ял шийтгүүлсэн ч шоронгоос суллагдаж, Украин руу дайтахаар явжээ. Энэ талаарх мэдээллийг "Сибирь.Реалии" дамжуулсан байна.
ОХУ-д хоригдлуудад өршөөл үзүүлж, оронд нь фронт руу илгээх замаар Украинтай хийж буй дайнд амссан цэргийн хохирлоо нөхөж, цэргийн нөөцөө бүрдүүлэх аргыг хэрэглэж байгаа юм. Энэ хүрээнд хүн амины хэргээр шийтгүүлсэн олон хүн суллагдсаны нэг нь Сахалины оршин суугч болжээ. Тэрбээр хүний амь хөнөөсний зэрэгцээ, хүний мах идсэн хэргээр онцгой дэглэмтэй шоронд 22 жил хоригдох байсан ч хугацаанаасаа өмнө суллагдаж, фронт руу явсан байна.
2003 онд Денис хүний амь хөнөөсөн, цогцос зэрэмдэглэсэн хэргээр 9 жил 11 сарын ял авсан ч 2010 онд "хүмүүжсэн" гэсэн шалтгаанаар түүнийг суллажээ. Суллагдсаныхаа дараа жил Денис ахын хамт хүн зэрлэгээр зодож, ухаангүй болсон үед нь хутгаар хөнөөсөн байна. Мөн 2012 оны нэгдүгээр сард дахин нэг хүнийг хөнөөжээ. Ийнхүү хүн хөнөөхдөө согтуу байсан гэх бөгөөд цогцосноос хэсэг мах огтолж, идсэн гэдэг нь мөрдөн байцаалтаар тогтоогдож түүнд онцгой дэглэмтэй шоронд 22 жил хоригдох ял оноож байсан аж.
Г.Бямбасүрэн