CNN: Израил эхний ээлжинд 39 хоригдлыг суллана
2023-11-24

ХАМАС, Израил гэсэн сөргөлдөгч талууд Катарын зуучлалтайгаар хэлэлцээр байгуулж, олзны хүмүүсийг Израилын шоронд хоригдож байгаа эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хоригдлуудаар солихоор болсон.

 

Энэ тохиролцооны хүрээнд, 11 дүгээр сарын 24-ний өдөр Израилын шоронгоос 39 хоригдлыг суллана гэж CNN агентлаг Израилын нэрээ нууцалсан албан тушаалтнаас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. Суллагдах хүмүүсийн тоонд эмэгтэйчүүд болон 18 хүртэлх насныхан багтах аж. 

 

CNN агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалжийн өгүүлснээр, Дамон болон Мегиддо шоронгуудаас Баруун эрэг дэх шорон руу хоригдлуудыг зөөх гэнэ. Дараа нь тэднийг Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчдөд хүлээлгэн өгөх юм байна. Мөн ХАМАС-ын олзонд байгаа хүмүүсээс эхний ээлжинд суллагдах 13 хүнийг Израилын тал хүлээн авсны дараа л хоригдлуудыг суллаж эхэлнэ гэж эх сурвалж онцолжээ.

 

Сөргөлдөгч талуудын хооронд гал зогсоох хэлэлцээ өнөөдөр эхлэх ёстой. Эвлэрэл дөрөв хоног үргэлжилж, энэ хугацаанд ХАМАС-ын олзноос 50 хүн чөлөөлж, 150 палестин хоригдлыг суллахаар талууд тохиролцсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин