Японд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх тухай хууль хүчин төгөлдөр болж, энэ хуулийн дагуу тус улсын Ерөнхий сайд болон сайд нарын танхимын гишүүдийн цалин нэмэгджээ.
Харин Японы Ерөнхий сайд Фумио Кишида болон түүний танхимын гишүүд цалингийн нэмэгдлээ улсын төсөвт эргүүлэн өгөхөөр болсноо зарласан байна. Ийм шийдвэрийг Засгийн газрын хуралдааны дараа болсон зөвлөгөөн дээр албан ёсоор баталсан гэж Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно мэдэгдсэнийг Kyodo дамжуулжээ.
"Ерөнхий сайд болон сайд нарын цалин нэмэгдсэнийг ард түмэн шүүмжилсэн. Тиймээс бид нийгэмд үл итгэх байдал үүсгэхгүйн тулд цалингийн нэмэгдлээ улсын төсөвт эргүүлэн өгөхөөр тохиролцлоо" хэмээн Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, Японы төрийн албан хаагчид ажил хаях эрхгүй байдаг. Үүний хариуд хувийн хэвшлийн ажилтнуудын цалингийн өсөлттэй уялдсан дундаж коэффициентээр төрийн албан хаагчдын цалинг тогтмол нэмдэг байна. Ийм журмын дагуу Фумио Кишидагийн жилийн цалин 460 мянган иен (монгол мөнгөөр 12,5 сая), бусад сайд нарын цалин жилд 320 мянган иенээр нэмэгдсэн байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |