Израил: Дайн дор хаяж дахин хоёр сар үргэлжилнэ
2023-11-24

ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өглөө Израил руу гэнэт халдаж, 1400 орчим хүнийг хөнөөж, 200 гаруй хүн барьцаалсны хариуд Израил ХАМАС-т дайн зарлаж, энэ бүлэглэлийг бүрэн устгах хүртэл байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдэж байлаа. 

 

Дайн эхэлснээс сар гаруйн дараа сөргөлдөгч талууд хэлэлцээр байгуулж, олзны хүмүүсийг сулласны хариуд дөрөв хоногийн эвлэрэл зарлахаар болсон. Энэ нь дайн дуусах эхлэл болж магадгүй гэж зарим шинжээчид үзэж байсан ч Израилын тал дайн дуусах болоогүй гэж мэдэгджээ. Тодруулбал, олзны хүмүүсийг хоригдлуудаар солих зорилгоор эвлэрэл зарлахаар тохиролцсон нь "түр зуурын завсарлага" гэж Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант мэдэгдсэн байна. 

 

"Энэ бол түр хугацаанд амьсгаа авч байгаа хэрэг. Үүний дараа эрчимтэй байлдааны ажиллагаа үргэлжилнэ. Бид олзны бүх хүнийг суллахын тулд сөргөлдөгч талд дарамт үзүүлнэ. Дайн дахин хоёр сар үргэлжлэх төлөвтэй" гэж Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант мэдэгдсэнийг Haaretz сонин дамжуулжээ. 

 

Сөргөлдөгч талуудын хэлэлцээрт тусгаснаар, ХАМАС 50 олзны хүнийг сулласны хариуд Израил дөрөв хоногийн хугацаатай гал зогсоож, 150 палестин хоригдлыг суллах юм. Эвлэрэл баасан гарагийн 07:00 цагт буюу Улаанбаатарын цагаар 13:00 цагт эхлэх аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин