ХАМАС олзны 23 хүнийг ямар ч болзолгүйгээр суллана
2023-11-24

ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израил руу халдах үед барьцаалагдсан хүмүүсийг суллах хэлэлцээрийг сөргөлдөгч талууд Катарын зуучлалтайгаар хийж, улмаар 50 хүнийг палестин хоригдлуудаар солилцохоор болсон юм. Хэлэлцээрээр суллагдах хүмүүс дээр нэмээд өөр 23 хүнийг ямар ч болзолгүйгээр суллана гэж ХАМАС мэдэгдсэн талаар The Times of Israel сонин мэдээлжээ. 

 

"Талуудын хэлэлцээрээр суллахаар тохиролцсон хүмүүсээс гадна, Палестины ХАМАС бүлэглэл болон Таиландын засгийн газар Ираны зуучлалтайгаар хэлэлцээ хийсний дүнд олзонд байгаа Таиландын 23 иргэнийг ямар ч болзолгүйгээр суллахаар болсон" гэж The Times of Israel сонин онцолсон байна. 

 

Энд дуулгахад, сөргөлдөгч талуудын хэлэлцээрийн дагуу өнөөдөр буюу 11 дүгээр сарын 24-ний баасан гарагт байлдааны ажиллагааг түр зогсоох ёстой. Хэлэлцээрт тусгаснаар, орон нутгийн цагаар 07.00 цагт (Улаанбаатарын цагаар 13:00 цагт) сөргөлдөгч талууд гал зогсоож, дөрвөн өдрийн турш эвлэрэл зарлах юм. Энэ үеэр олзны хүмүүсээс 50 хүнийг чөлөөлж, үүний хариуд Израил эмэгтэйчүүд, хүүхдүүд нийлсэн 150 хоригдлыг суллахаар тохиролцсон. Израилын иргэд олзноос суллагдаж, Израилын нутаг дэвсгэрт ирсний дараа палестин хоригдлуудыг суллах юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин