Өнгөрсөн сарын долооны өглөө Палестины ХАМАС бүлэглэл Израилын өмнөд хэсэг рүү гэнэт халдаж, 1400 орчим хүнийг хөнөөн, 200 гаруй хүнийг олзолсон юм. Үүний хариуд Израил ХАМАС-т дайн зарлаж, Газын зурвасыг агаараас бөмбөгдөж, улмаар 10 дугаар сарын сүүлээр хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлсэн. Израил энэ ажиллагааны хүрээнд олзны хүмүүсийг суллах, ХАМАС бүлэглэлийг бүрэн устгах зорилго тавьснаа зарлаж байлаа.
Дайн эхэлсний дараа ХАМАС бүлэглэл олзны хүмүүсийг Израилын шоронгуудад хоригдож байгаа Палестины иргэдээр солино гэсэн болзол тавьж байв. Түүнчлэн олзны хүмүүсийн байршил тодорхойгүй тул түр хугацаанд гал зогсоох, завсарлага авах шаардлагатай хэмээн мэдэгдэж байсан юм. Сөргөлдөгч талуудын хийж буй хэлэлцээрт чухамхүү энэ болзлыг тусгасан, хоёр тал хэлэлцээр байгуулахад тун ойрхон байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Times of Israel сонины мэдээлснээр, Палестины иргэдийг хорих газраас суллах, байлдааны ажиллагаанд завсарлага авсны хариуд ХАМАС-ын олзонд байгаа хүмүүсийн нэг хэсгийг суллахаар талууд тохиролцож байгаа гэнэ. Хэдий хүнд ч ийм шийдвэр гаргах хэрэгтэй гэж Израилын Ерөнхий сайд Нетаньяху мэдэгдсэн байна.
ХАМАС-ын дайчид олзолсон хүмүүсийг суллах нь Израилын хувьд нэн тэргүүний зорилт, бүхий л зорилгодоо хүрэх хүртлээ ХАМАС-тай хийж буй дайныг үргэлжлүүлнэ гэж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, Израил 4-5 хоног гал зогсоож, 150-300 палестин хоригдлыг сулласны хариуд ХАМАС эмэгтэйчүүд, хүүхдүүдээс бүрдсэн 50 олзны хүнийг суллах аж. "Бидний өмнө бэрх хэдий ч зөв шийдвэр байна. Бид олзлогдсон бүх хүнийг суллахаас нааш тайвширахгүй. Дайнд үе шат бий, олзны хүмүүсийг буцаах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ" хэмээн Нетаньяху мэдэгдсэн байна.
Сайд нар ойрын өдрүүдэд тун чухал шийдвэр гаргах хэрэгтэй, олзны хүмүүсийн заримыг суллах хэлэлцээр хийх зорилгоор ХАМАС-т үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийн тулд хуурай замын цэргүүдийг давшуулах нь нэн чухал гэж Батлан хамгаалахын сайд Йоав Галлант мэдэгджээ. Хэдэн өдрийн туршид эвлэрэл зарлавал заасан хугацаа дууссаны дараа ЦАХАЛ бүрэн хүчин чадлаараа байлдааны ажиллагааг сэргээнэ хэмээн тэрбээр онцолсон байна.
Эхний ээлжийн хүмүүсийг 11 дүгээр сарын 23-ны өдөр суллаж магадгүй гэж зарим эх сурвалж мэдээлсэн байна. Тухайлбал, "12Channel" сувагт мэдээлэл өгсөн, Засгийн газар дахь эх сурвалжийн өгүүлснээр, Израилын сайд нарын танхим хэлэлцээрийг дэмжвэл Израилын эрх баригчид олзны хүмүүсээр солих палестин хоригдлуудын нэрсийн жагсаалтыг гаргах аж.
Израилын талын мэдээллээр, ХАМАС бүлэглэлийн олзонд 240-250 хүн байгаа, тэдний ихэнх нь давхар иргэншилтэй Израилын иргэд бол үлдсэн нь тус улсад ажилалж байсан гадаадын иргэд, тэр дундаа Таиландын иргэд олонх нь байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |