Саяхан Өмнөд Солонгост ахлах ангийн төгсөгчид, өмнөх жилийн төгсөгчид их дээд сургуульд элсэн орохын тулд өгдөг элсэлтийн ерөнхий шалгалт болж өнгөрсөн. Энэ шалгалтад оролцсон хүмүүсийн хамгийн ахмад нь 82 настай эмэгтэй байжээ.
Next Shark сонины мэдээлснээр, 82 настай Ким Жон Жа АНУ-д амьдарч байгаа ач, зээ нартайгаа ярихын тулд англи хэл сурах зорилгоор элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна. Тэрбээр пүрэв гарагт элсэлтийн шалгалт өгөхөөр Мапо дахь охидын сургуульд ирсэн бөгөөд олон цаг үргэлжилдэг энэ шалгалтыг өндөр настан давж чаджээ.
Ким найман хүүхэдтэй, ядуу айлд 1941 онд төрсөн бөгөөд тэдний гэр бүл Японд амьдарч байгаад Японы колончлол дуусах үеэр Өмнөд Солонгос руу шилжин иржээ. Хүүхэд ахуйдаа тэрбээр сургуульд суралцах боломж байсангүй.
Учир нь тэдний гэр бүл Өмнөд Солонгост нүүж ирснээс хэдэн жилийн дараа Солонгосын дайн эхэлсэн байна. Санхүүгийн боломжгүйн улмаас залуудаа ч суралцаж чадсангүй. Харин хүүхдүүд нь өсөж том болсон хойно л сурах цаг завтай болсон өндөр настан таван жилийн өмнө охидын сургуульд элсэн орж, нэг ч хичээл таслалгүй шамдан суралцсан гэнэ.
Ким коллежид орон англи хэл суралцах хүсэлтэй. Тэрбээр нэгэнтээ охин руугаа Америк явахаар онгоцны буудал дээр ирсэн ч онгоцондоо сууж чадаагүй гунигт дурсамжаа сэтгүүлчдэд хуваалцжээ. Ким солонгос болон англиар аль алинаар нь уншиж чаддаггүй байсан тул ийнхүү онгоцонд сууж чадаагүй аж.
Уншиж байна |