Мессигийн футболкийг дуудлагаар худалдана

Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси Катарт болсон 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр өмсөж байсан зургаан футболкийг дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Дуудлага худалдааг зохион байгуулагчид Мессигийн хувцас ихээхэн үнэ хүрнэ гэж тооцоолж байгаа талаар Daily Mail мэдээлсэн байна.
Багцад хөлбөмбөгчин группийн шатны хоёр тоглолтод өмссөн футфолк, хагас шигшээ болон шигшээ шатанд өмссөн зэрэг нийт зургаан футболка багтаж байгаа гэнэ. Эдгээр футболк 10 сая доллараас багагүй үнээр шинэ эзэндээ очно гэж дуудлага худалдаа зохион байгуулагчид үзэж байгаа юм байна. Дуудлага худалдаанаас олсон орлогын зарим хэсгийг ховор өвчнөөр өвдсөн хүүхдүүдийг эмчилдэг "Сан Жоан де Деу" хүүхдийн эмнэлэгт шилжүүлэх аж. Энэ эмнэлгийг Мессигийн сан мөн дэмждэг гэнэ.
Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Мессигийн футболкууд спортын бэлэг дурсгалын зүйлс дундаа хамгийн өндөр үнээр зарагдаж, дээд амжилт тогтоож магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өнөөдрийн байдлаар, дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрсэн спортын бараа нь Майкл Жорданы майк бөгөөд энэ майк 10,091 сая доллараар зарагдаж байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ