Араб болон исламын орнууд Газын зурваст нэн даруй гал зогсоохыг уриаллаа

Араб болон исламын орнууд Газын зурваст нэн даруй гал зогсоохыг уриаллаа

ХАМАС, Израилын  дайнд энгийн иргэд олноор амиа алдаж байгаад дэлхийн улс орнууд шүүмжлэлтэй хандаж, гал зогсоохыг уриалсаар байна. Энэ удаад Саудын Арабын Гадаад хэргийн сайд ийм мэдэгдэл хийжээ. 

 

Тодруулбал, Араб, Исламын орнуудын Гадаад хэргийн сайд нар Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзах үеэр Саудын Арабын Гадаад хэргийн сайд, ханхүү Фейсал бен Фархан Аль Сауд палестин ард түмний эсрэг үйлдэж буй Израилын үйлдлийг зогсоохын тулд олон улсын нийгэмлэг өөр дээрээ хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулсан байна. Түүнчлэн Араб, Исламын орнуудын сайд нар Газын зурваст нэн даруй гал зогсоож, энэ нутаг руу хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүргэхийг уриалжээ.

 

Эргэн сануулахад, 10 дугаар сарын долооны өдөр ХАМАС бүлэглэл "Аль-Аксын үер" ажиллагаа эхлүүлж байгаа талаар зарлаж, Израил руу халдсаны дараа Ойрх Дорнод дахь нөхцөл байдал хурцадсан юм. Үүний хариуд Израил ХАМАС-т дайн зарлаж, энэ бүлэглэлд олзлогдсон 200 гаруй хүнийг суллах, ХАМАС-ыг устгах ажиллагааг эхлүүлсэн юм. Израилын энэ ажиллагааны үеэр олон мянган хүн амиа алдсан бөгөөд сүүлийн үеийн мэдээллээр, Газын зурваст амиа алдсан хүний тоо 13 мянгыг давжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ