Шийгуа палестинчуудын эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон нь
2023-11-20

Израил, ХАМАС-ын өнөөгийн дайн эхэлснээс хойш шийгуаны дүрс дэлхий даяар палестинчуудыг дэмжих эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болсон юм. Шийгуаг сонгосны учир юу байв. 

 

Шийгуаг Палестины бэлгэ тэмдэг болгон ашиглах явдал шинэлэг үзэгдэл биш. Анх 1967 онд Израил Баруун эрэг болон Газын зурвасыг хяналтдаа оруулсан дайны дараа шийгуаг эсэргүүцлийн бэлгэдэл болгон анх ашиглажээ.

 

Тухайн үед Израилын эрх баригчид Баруун эрэг болон Газын зурваст Палестины далбааг ашиглахыг хориглож, олон нийтийн газарт далбааг харуулсан бол эрүүгийн ял шийтгэл оноохоор болсон юм. Энэ хоригоос зайлсхийхийн тулд палестинчууд шийгуаг ашиглаж эхэлсэн бөгөөд учир нь зүссэн шийгуанд улаан, хар, цагаан, ногоон гээд Палестины далбаанд байх бүх өнгө байсан тул ийм сонголт хийжээ.

Ослод болсон хэлэлцээрийн хүрээнд 1993 онд Израил Палестины далбааг ашиглах хоригийг цуцлаж, энэ далбаа Палестины автономит улсын бэлгэ тэмдэг болсон байна.

 

"Газын зурваст улаан, хар, ногоон гээд Палестины далбааны өнгийг харуулан зүссэн шийгуа барьж явсан залуусыг баривчилж байсан түүх бий" хэмээн Ослод хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Нью-*Йорк Таймс сонины сурвалжлагч Жон Кифнер өгүүлж байв.

 

Эдгээр үйл явдлаас хойш дэлхийн олон орны зураачид палестинчуудыг дэмжин шийгуа дүрсэлсэн урлагийн бүтээл туурвих болжээ. Эдгээрээс хамгийн алдартай нь Халед Хуранигийн бүтээл юм. Тэрбээр 2007 онд "Палестины субъектив атлас" нэртэй номонд зориулан зүсэм шийгуа зурсан байна.

 

"Шийгуаны түүх" нэртэй болсон зураг дэлхий даяар тархаж, улмаар 2021 оны тавдугаар сард Израил, ХАМАС-ын хоорондын сөргөлдөөний үеэр ихэд танигдсан байна.

 

Харин энэ оны нэгдүгээр сард Израилын Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен Гвир олон нийтийн газруудаас Палестины далбааг хураахыг цагдаагийн газарт үүрэг болгон, далбаа мандуулах нь алан хядах ажиллагааг дэмжиж байгаа хэрэг хэмээн тайлбарлаж байв. Үүнийг Израилын сөрөг хүчнийхэн эсэргүүцэн жагсаж, энэ жагсаал дээр шийгуаны дүрс ашигласан байна. 

 

Израилын хуулиар Палестины далбааг хориглоогүй ч олон нийтийн дэг журам алдагдана гэж үзсэн нөхцөлд цэрэг, цагдаагийнхан Палестины далбааг хураах эрхтэй байдаг аж.

 

Үүний дараа, энэ оны долдугаар сард Иерусалимд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр оролцогчид шийгуаны дүрс, "эрх чөлөө" гэсэн үгтэй хуудас барин алхаж байв. Харин наймдугаар сард шүүхийн шинэчлэл хийх гэсэн Биньямин Нетаньяхугийн төлөвлөгөөг эсэргүүцэн Тель-Авивд жагссан олон нийт шийгуаны дүрстэй футболка өмссөн байв.

 

Өнөөгийн дайн эхэлсэн 10 дугаар сарын долооны өдрөөс хойш шийгуа дахин дэлхий даяар палестинчуудыг дэмжих эсэргүүцлийн нэг хэсэг, Газын зурвасын оршин суугчдын эрхийн төлөөх тэмцлийн бэлгэ тэмдэг болсон юм.

 

Муслим гаралтай Британийн комедиан Шумирун Несса ТикТокт шийгуаг дүрсэлсэн фильтр бүтээж, дагачдадаа хандан үүнийг өөрсдийн дүрс бичлэгтээ ашиглахыг уриалж, олсон бүхий л мөнгийг Газын зурваст тусладаг буяны байгууллагад шилжүүлнэ хэмээн амлаж байлаа. Мөн олон нийтийн сүлжээний зарим хэрэглэгчид профайл нь блоклогдохоос эмээж, Палестины далбааны оронд шийгуаны дүрсийг постлох болжээ.

 

Эргэн сануулахад, 10 дугаар сарын долооны өглөө Палестины ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт халдаж, 1400 гаруй хүнийг хөнөөн, 200 гаруй хүнийг барьцаалан одсон юм. ХАМАС Израилыг устгаж, Палестины бүхий л нутаг дэвсгэр дээр Исламын улс байгуулахыг зорьдог. 

 

Энэ бүлэглэл ийнхүү халдсаны хариуд Израил Газын зурваст агаараас цохилт өгч, улмаар өнгөрсөн сарын дундуур хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлсэн юм. Дайн эхэлснээс хойш Газын зурвас 11 мянга гаруй хүн амиа алдсан. Одоо Израилын цэргүүд Газа дахь эмнэлгүүдэд хяналтаа тогтоогоод байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Erguu mal ooon bolj ba hun durstei
2023-11-20
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
2023-11-20
Болд:
Путины далалсан бузар дайн энд тэндгүй үсэрч дэлхийн ЭНХ ТАЙВАН, амаглан байдал алдагдаж байгаа нь яав ч сайны ёр биш.
2023-11-20
Erguu mal ooon bolj ba hun durstei