Сан-Францискод дээд хэмжээний уулзалтын өмнө орон гэргүйчүүдийг яаралтай нүүлгэжээ
2023-11-17

Энэ долоо хоногт АНУ-ын Сан-Франциско хотод Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болсон. Энэ өндөр зэрэглэлийн уулзалтыг зохион байгуулахын тулд Сан-Франциско хот олон улсын зочдын өмнө "нүүр улайхгүй"-н тулд орон гэргүйчүүдийг нүүлгэн шилжүүлжээ. 

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, орон гэргүй хүмүүс болон хар тамхичид ихээр цугладаг НҮБ-ын талбай орчмыг бүрэн цэвэрлэсэн байна. Ингээд энэ талбайг тохижуулж, мод суулган, бүжгийн хамтлагуудыг авчиржээ. Түүнчлэн талбайг хашаагаар хааж, эмх журам сахиулахаар цагдаа нарыг зогсоосон байна. 

 

Хотын өнгө төрх ийнхүү эрс өөрчлөгдсөн нь Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болсон гэдгийг Калифорнийн захирагч хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ энэ уулзалт болохоос ч хэдэн сарын өмнө талбайг тохижуулахаар төлөвлөж байсан хэмээн онцолсон байна. 

 

Харин америкчууд хотын талбайг тохижуулсан нь гагцхүү дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд ирэхээс өмнө хийсэн "өнгөлөн далдлалт" хэмээн шүүмжилж, орон гэргүй хүмүүсийг албадан нүүлгэх нь орон сууц хомстсон өнөөгийн нөхцөлд бодит асуудлыг шийдэж чадахгүй хэмээн хэвлэлүүдэд байр сууриа илэрхийлжээ.

 

Дэлхийн хотууд томоохон уулзалтаас өмнө орон гэргүйчүүдийг нүүлгэж байсан олон тохиолдол бий. Тухайлбал, G20-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө хотыг чимэхийн тулд Шинэ Дели хотын ядуусын хорооллыг буулгаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин