ЦАХАЛ: Газын эмнэлэг дороос хонгил олсон
2023-11-17
Гэрэл зураг@IDF

Палестины ХАМАС бүлэглэл өнгөрсөн сарын долооны өглөө Израил руу гэнэт халдаж, 1300 орчим хүнийг хөнөөж, 200 гаруй хүн барьцаалсан юм. Үүний хариуд Израил ХАМАС-т дайн зарлаж, Газын зурвасыг агаараас бөмбөгдөж байгаад 10 дугаар сарын дунд үеэс хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлсэн. Энэ ажиллагааны хүрээнд 11 дүгээр сарын 15-нд шилжих шөнөөс эхлэн Газын зурвасын томоохон эмнэлэг болох "Аш-Шифа" эмнэлэг рүү нэвтэрсэн юм. 

 

Женевийн конвенциор эмнэлгийн байгууллага сөргөлдөөний үед бүрэн хамгаалагдах ёстой байдаг ч Израилын цэргүүд ийнхүү эмнэлэг рүү халдсаныг олон улсын байгууллагууд шүүмжилж байв. Үүний хариуд Израилын тал мэдэгдэл хийхдээ ХАМАС-ын алан хядагчид энгийн иргэдээр амьд бамбай хийж, эмнэлэгт нуугдаж байгаа хэмээн онцолж байлаа. 

 

Энэ мэдэгдлээ батлахын тулд Израилын арми ЦАХАЛ эмнэлгээс төрөл бүрийн зэвсэг олсон хэмээн гэрэл зургийг нь нийтэд үзүүлж байв. Үүний араас, эмнэлгийн дороос хонгил олсон гэж мэдэгджээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Аш-Шифа эмнэлгийн нутаг дэвсгэр дээрээс ХАМАС-ын хонгил, минижүүлсэн автомашин илрүүлсэн гэж ЦАХАЛ мэдэгдсэн байна. Минижүүлсэн машинд их хэмжээний зэр зэвсэг байсан гэж ЦАХАЛ-ын төлөөлөгч онцолжээ. 

 

Одоо Израилын цэргүүд эмнэлгийг хяналтдаа авсан хэвээр байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, Израилын цэргүүд алан хядагчдыг хайх зорилгоор эмнэлгийг нэг бүрчлэн нэгжиж, өвчтөн болон эмнэлгийн ажилтнуудаас мэдүүлэг авч байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин