Финланд улс Оростой залгаа хилийн боомтуудаа хаахаар болсон талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан. Тухайн үед, чухам хичнээн боомтыг, ямар хугацаагаар хаах нь тодорхойгүй байсан юм. Харин пүрэв гарагт Финландын Ерөнхий сайд мэдэгдэл хийж, хаах боомтуудын талаар мэдээлэл өгснийг ВВС агентлаг дамжуулжээ.
Тодруулбал, 11 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Финланд улс Оростой залгаа хилийн дөрвөн боомтыг хаахаар болсон талаар тус улсын Ерөнхий сайд Петтери Орпо мэдэгдсэн байна. Ингэснээр бямба гарагт шилжих шөнөөс эхлэн Ваалимаа, Нуймаа, Иматра, Ниирала гэсэн дөрвөн боомт 2024 оны хоёрдугаар сарын 18-ныг хүртэл хаагдах аж.
Бусад хилийн шалган нэвтрүүлэх боомтууд хэвийн горимоор ажиллах гэнэ. Орос, Финландын хуурай замын хил дээр нийт есөн хилийн шалган нэвтрүүлэх боомт үйл ажиллагаа явуулдаг юм.
Ийнхүү хилийн боомтуудаа хаахаар болсон нь гуравдагч орнуудаас цагаачид олноор орж ирж байгаатай холбоотой гэж Финландын эрх баригчид тайлбарлаж байна. Оросын талаас зохих бичиг баримтгүй нэвтрэхийг завдсан хүмүүсийн тоо эрс өссөн гэх бөгөөд эдгээр хүмүүс нь Оросоор дамжин, Финландаас орогнол хүсэх зорилготой гэж Финландын эрх баригчид мэдэгджээ. Ийнхүү Оросоор дамжин Финландыг зорхи дүрвэгчдийн тоо наймдугаар сараас эхлэн эрс нэмэгдсэн бөгөөд тэдний ихэнх нь Ирак, Сири, Йемен, Туркийн иргэд байгаа аж.
Өмнө нь Оросын хилчид ийм дүрвэгчдийн цувааг зогсоож, шаардлагатай бичиг баримтгүй хүмүүсийг нэвтрүүлдэггүй байсан бол наймдугаар сараас эхлэн шууд нэвтгрүүлдэг болсон байна.
"Оросын тал байр сууриа өөрчилж, баримт бичиггүй хүмүүсийг хил нэвтрүүлчихдэг болсон. Энэ нь зориудын үйлдэл гэж бодож байна" хэмээн Финландын Ерөнхий сайд Петтери Орпо мэдэгджээ.
Финландын араас Эстони, Норвеги Оростой залгаа хилийн боомтуудыг хаах асуудлыг хэлэлцэж байгаа гэнэ. Эстонийн эрх баригчид мэдэгдэл хийхдээ, цагаачдын урсгалаас болж хилийн боомтуудаа хаахаар болсон Финландын эрх баригчдын шийдвэрийг сонссон, цаашид нөхцөл байдлыг ажиглаж, шаардлагатай бол хилийн боомтуудыг бүрэн эсвэл хэсэгчлэн хаах асуудлыг хэлэлцэнэ гэж онцолжээ.
Мөн ийм мэдэгдлийг Норвегийн Хуульзүйн сайд хийсэн байна. Энэ улс Оростой ганцхан боомтоор хиллэдэг бөгөөд энэ боомт дээр одоогоор ачаалал ажиглагдаагүй, гэхдээ шаардлагатай бол богино хугацаанд хилээ хаахаас аргагүй гэж Норвегийн Хуульзүйн сайд Мель мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |