Таиланд 2023 онд 23 сая гадаадын жуулчин хүлээн авчээ. Энэ талаар тус улсын Аялал жуулчлал, спортын сайд Судаван Вангсупхакижкосол мэдэгдсэнийг Nation сэтгүүл дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс 11 дүгээр сарын 12-ны хооронд 23 241 338 гадаадын жуулчин Таиландад зочилжээ. Эдгээр жуулчид энэ улсын эдийн засагт нэг тэрбум бат буюу монгол мөнгөөр тооцвол 123,9 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна.
Таиланд руу хамгийн ихээр ирсэн жуулчид нь Малаиз улсын иргэд байгаа аж. Энэ улсаас 3,8 сая жуулчин Таиландыг зорьжээ. Түүнчлэн 2,9 сая жуулчин Хятадаас, 1,3 сая жуулчин Өмнөд Солонгосоос, 1,3 сая жуулчин Энэтхэгээс, 1,1 сая жуулчин Оросоос ирсэн байна.
Түүнчлэн, өнгөрсөн долоо хоногт Малаиз, Сингапурт Дивали баяр болсонтой холбоотойгоор жуулчдын тоо эрс нэмэгдсэн байна. Энэ сарын 6-12-ны хооронд ердөө нэг долоо хоногийн хугацаанд 611 121 гадаадын жуулчин Таиландад иржээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 9,61 хувиар өссөн үзүүлэлт аж. Цаашлаад олон оронд хүйтний улирал эхэлж, нислэгүүдийн тоо нэмэгдсэнээр ирэх долоо хоногоос жуулчдын урсгал нэмэгдэнэ гэж Таиландын эрх баригчид үзэж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |