Сурагчдыг шалгалтаа тайван өгөхөд зориулж нислэгүүдийг саатуулж, цагдаагийнхан бэлэн байдалд ажиллаж байна
2023-11-16

Өнөөдөр Өмнөд Солонгос даяар элсэлтийн нэгдсэн шалгалт эхэлж байна. Энэ жил 504 588 сурагч шалгалт өгч байгаа талаар KBS суваг мэдээлжээ.

 

Элсэлтийн шалгалт есөн цаг үргэлжилнэ. Нийт таван үе шаттайгаар шалгалт өгөх бөгөөд ирэх жил их дээд сургуульд элсэх хүсэлтэй ахлах сургуулийн төгсөх ангийнхан болон өмнөх жилүүдийн төгсөгчид шалгалтад хамрагдаж байгаа аж. Орон даяар нийтдээ 1279 шалгалтын цэг байгуулж, 08:40 цагт эхэлсэн шалгалт 17:45 цагт өндөрлөх юм байна. 

 

Хятадад Гаокао гэх ижил төстэй шалгалтын үеэр улс орон даяар шалгалт өгч буй хүүхдүүдэд анхаарал хандуулж, тэдэнд саад болохгүйн тулд замын хөдөлгөөнийг ч хязгаарладгийн адилаар Өмнөд Солонгост ч элсэлтийн шалгалтдаа онцгой анхаарал хандуулдаг байна. 

 

Тодруулбал, англи хэлний шалгалт 13:05-13:40 цагийн хооронд болох тул энэ үеэр орчны чимээ үүсгэж, шалгалт өгч буй хүүхдүүдэд саад болохгүйн тулд нэг ч онгоцыг газардуулдаггүй аж. Зөвхөн нэн шаардлагатай, ослын буулт хийх бөгөөд ийм онцгой тохиолдол гараагүй бол шалгалт дуустал онгоцууд 3000 метрийн өндөрт саатах ёстой. Ийм хатуу журам үйлчилдэг тул энэ жил 94 нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.

 

Түүнчлэн шалгалт өгөх сурагчдыг шалгалтаас хоцроохгүйн тулд өглөө эрт нийтийн тээврийн автобусны тоог эрс нэмсэн байна. Мөн зам дээр түгжрэл үүсгэхгүйн тулд бүхий л төрийн болон орон нутгийн байгууллагуудын ажлын эхлэх цагийг нэг цагаар хойшлуулжээ.

Мөн шалгалтаасаа хоцорсон, баримт бичгээ мартсан хүүхдүүдийг замын цагдаагийнхан яаралтай хүргэж өгдөг. Хоёр жилийн өмнө гэхэд л хүүхдүүдийг хүргэж өгөх зорилгоор 1934 эргүүлийн машин, 417 мотоцикл, 12 557 цагдаагийн алба хаагч, төрийн байгууллагын ажилтнуудыг дайчилжээ. Тэд байнгын бэлэн байдалд байх бөгөөд шалгалтаасаа хоцорч байгаа ямар ч сурагч хамгийн түрүүнд тааралдсан цагдаагийн машинаас тусламж гуйвал цагдаагийнхан тэднийг дуут дохиогоо асаан, шуурхай хүргэж өгдөг аж.

 

Энэ шалгалт маш хатуу хяналттай явагддаг. Шалгалтын материалын нууцлалыг хангах үүднээс тест, даалгавар бэлдсэн бүх багш нарыг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарладаг гэнэ. Шалгалтын материалыг хаана бэлдэж байгааг бүрэн нууцалдаг. Энэ үеэр шалгалтын материал бэлдэж буй мэргэжилтнүүдэд үйлчлэх ажилтнууд, техникийн ажилтнууд хамтдаа "цоожлогддог" байна.

 

Мэдээлэл алдагдахаас сэргийлж, шалгалтын материал бэлтгэж буй төвүүдэд холбоо харилцааны бүхий л сувгийг хааж, энэ барилга руу орсон хэнийг ч гаргадаггүй, цэвэрлэгч ч тэндээ үлддэг гэнэ. Гагцхүү нэн шаардлагатай үед, тухайлбал ар гэрийнхний хэн нэгэн нь таалал төгсөж, гэртээ харихаар болсон бол барилгаас гарч болно. 

 

Гэхдээ ар гэрийн гачигдлаар гадагш гарах хүнийг ч ганцааранг нь гаргахгүй. Тэднийг тусгай төлөөлөгчид дагалдан явж, заасан цагт эргүүлэн шалгалтын материал бэлдэж буй газарт хүргэдэг байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Гайхал:
Жинхэнэ хүнлэг ардчилсан нийгэм гэж үнэхээр гайхалтай сайхан нийгэм юм даа
2023-11-16