Израилын арми Газын зурвасын сургуулиудад цохилт өгчээ

Газын зурвас дахь НҮБ-ын Палестины дүрвэгчдэд тусламж үзүүлэх, ажил зохион байгуулах агентлагийн хоёр сургууль Израилын армийн цохилтод өртжээ. Энэ талаар НҮБ-ын албан ёсны сайтад мэдээлсэн байна.
"Сургуулиуд дээрээс цохилт өглөө. Ингэснээр барилга нурж, дотор нь байсан хүмүүс гэмтэж бэртсэн" хэмээн мэдээлэлд онцолжээ. Үүнээс өмнө ЦАХАЛ "Аш-Шифа" эмнэлгийн цогцолборт байх эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн агуулахад цохилт өгсөн талаар Аль-Жазира суваг мэдээлсэн байна. Түүнчлэн ХАМАС бүлэглэл бэлтгэл сургуулилалт хийх, зэвсэг хадгалах зориулалтаар ашигладаг цэргийн хуаранд ЦАХАЛ цохилт өгчээ.
Эргэн сануулахад, 10 дугаар сарын долооны өдөр ХАМАС бүлэглэл Израилын өмнөд хэсэг рүү гэнэт халдсанаар энэ хоёр талын хооронд дайн дэгдсэн юм. Израил дайны эхний өдрүүдэд Газын зурваст агаараас цохилт өгч байгаад 10 дугаар сарын 27-ны өдрөөс хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлж байв. Энэ хугацаанд Израилын талаас 1300 орчим хүн амиа алдсан бол Газын зурваст амиа алдсан хүний тоо 11 мянгыг давжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ