ЦАХАЛ эмнэлэг рүү халдсанаа зөвтгөхөөр ХАМАС-ын гэгдэх зэвсгийн зураг үзүүлэв

ЦАХАЛ эмнэлэг рүү халдсанаа зөвтгөхөөр ХАМАС-ын гэгдэх зэвсгийн зураг үзүүлэв

Энэ сарын 15-нд шилжих шөнө Израилын армти Газын зурвас дахь хамгийн том эмнэлэг болох "Аш-Шифа" эмнэлэг рүү довтолсон юм. Хэдийгээр Женевийн конвенциор аливаа байлдаан, дайн, сөргөлдөөний үед эмнэлгийн байгууллага халдашгүй объектод тооцогддог ч Израилын цэргүүд олон мянган иргэн хоргодож, өвчтөнүүд эмчлүүлж байсан эмнэлэг рүү довтолсноо зөвтгөн, тэнд ХАМАС бүлэглэлийн дайчид нуугдан, энгийн иргэдээр амьд бамбай хийж байгаа хэмээн мэдэгдэж байв.

 

ЦАХАЛ "Аш-Шифа" эмнэлэгт ХАМАС-ын командлалын цэг байрласан гэж мэдэгдэн, энэ эмнэлэгт цэргийн ажиллагаа явуулж байгаа юм. ВВС агентлагийн мэдээлснээр, Израилын 100 гаруй цэрэг барилгыг нэгжин, өвчтөн болон эмнэлгийн ажилтнуудыг шалгаж байгаа бол олон улсын хүмүүнлэгийн болон хүний эрхийг хамгаалах байгууллагууд энгийн иргэдийг хамгаалахыг уриалжээ. 

 

Тэнд байсан гэрчүүдийн нэг нь ВВС агентлагт мэдээлэл өгөхдөө, лхагва гарагт шилжих шөнө эмнэлгийн нутаг дэвсгэр рүү Израилын зургаан танк орж ирсэн хэмээсэн бол эмнэлэг дотор байгаа сэтгүүлч пүрэв гарагийн өглөө мэдээлэл дамжуулж, ЦАХАЛ-ын цэргүүд орчуулагч болон эмнэлгийн ажилтнуудыг дагуулан тасгуудаар орж, өвчтөн болон эмнэлгийн ажилтнуудыг шалгаж эхэлсэн талаар онцолсон байна. 

 

ХАМАС-ын командлалын цэг эмнэлэгт байсан уу? 

Энэ ажиллагаа эхлэхээс өмнө , эмнэлгийн доор ХАМАС бүлэглэлийн дайчид нуугдаж байгаа гэх мэдээллийг авсан гэж АНУ мэдэгдэж байлаа. Харин үүнийг ХАМАС эрс няцааж байгаа юм. 

 

Америкийн тагнуулын газрын мэдэгдэл Израилд ажиллагаа эхлүүлэх "зөвшөөрөл" өгсөн, энэ нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж ХАМАС бүлэглэлийн удирдагчид мэдэгджээ. Улмаар ХАМАС олон улс болон НҮБ-д хандан эмнэлэгт явуулж буй Израилын ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалсан байна. 

 

Үүний дараа Израилын арми ЦАХАЛ мэдэгдэл хийж, эмнэлгийн барилгаас шуурхай удирдлагын төв, зэвсэг, техник хэрэгсэл олдсон гэж онцолжээ. Түүнчлэн Израилын цэргүүд эмнэлэг рүү нэвтрэх үедээ ХАМАС-ын зэвсэгт дайчидтай нүүр тулж, тэдэнтэй тулалдан, устгахаас аргагүй болсон гэж ЦАХАЛ мэдэгдэлдээ цохон тэмдэглэсэн байна.

 

ХАМАС бүлэглэлийн дайчид эмнэлэгт байрласан гэдэг мэдэгдлээ батлах зорилгоор Израилын тал эмнэлгээс олсон гэгдэх зэвсгийн гэрэл зураг, дүрс бичлэгийг нийтэлжээ.

 

Гэхдээ энэ зураг, дүрс бичлэг үнэн бодит эсэхийг хараат бус эх сурвалжуудаар батлаж чадаагүй гэж ВВС агентлаг онцолсон байна. ВВС агентлагийн сурвалжлагч Иерусалимаас мэдээлэл дамжуулахдаа "Израилын цэргүүдийн үзүүлсэн зэвсгийг харахад нэг их гайхаш төрүүлсэн дүр зураг харагдахгүй байна. Хэдэн автомат, сум үл нэвтрүүлэх хантааз, гурван гар гранат, гар буу, хэдэн хутга байсан. Удирдлагын цэг иймхэн зэвсэгтэй байсан гэхэд итгэмээргүй" хэмээн онцолжээ.

 

Үүний зэрэгцээ Израилын цэргүүд ХАМАС-ын зэвсгийг олсон гэдэгт  эргэлзэх өөр өнцөг байгааг сурвалжлагч онцолсон байна.

 

Түүний онцолсноор, Израилын цэргүүд эмнэлэгийн барилга руу ирнэ гэдгийг ХАМАС аль эрт л ойлгосон байсан, тэд эмнэлгийн доогуур төдийгүй Газын доогуур бүхэлд нь хэрсэн хонгилоор дамжуулан шаардлагатай бүх зүйлээ зөөх хангалттай хугацаа байсан гэнэ. Израилын цэргүүд олон нийтэд үзүүлсэн зэвсгүүдийг "мөсөн уулын орой" гэж хэлсэн ч нөгөө талаас эмнэлгийг бүслэж, эзлэн, цэргийн ажиллагаа явуулснаа зөвтгөхийн тулд ийм гэрэл зураг харуулсан байхыг үгүйсгэхгүй гэж ВВС агентлагийн сурвалжлагч онцолжээ. 

 

ВВС агентлагийн сурвалжлагч Израилын талын баримт сэлтэд ийнхүү эргэлзэнгүй хандсан нь ч шалтгаантай. Учир нь 10 дугаар сарын долооны өдрөөс хойш Газын зурвасын эмнэлэг рүү гадаадын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид нэвтрэх боломжгүй болсон тул Израил, ХАМАС-ын мэдэгдлийг батлах эсвэл няцаах боломжгүй байгаа юм.

 

"Эмнэлэг бол байлдааны талбар биш "

 Израиль "Аши-Шифа" эмнэлэгт ажиллагаа явуулж эхэлснээс хойш олон улсын байгууллагууд энэ үйлдлийг шүүмжлэн, санаа зовниж байгаагаа илэрхийлсээр байгаа юм. 

 

"Цэргүүд эмнэлэг рүү халдсан тухай мэдээлэл ихээхэн санаа түгшээж байна. Бид дахиад л эмнэлгийн ажилтнуудаас холбоо тасарлаа. Бид эмнэлгийн ажилтнууд болон өвчтөнүүдийн аюулгүй байдалд нэн санаа зовниж байна" хэмээн ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейесус мэдэгджээ. 

 

Түүнчлэн НҮБ ч ижил мэдэгдэл хийсэн байна. 

 

"Газын зурвас дахь "Аш-Шифа" эмнэлэгт цэргийн ажиллагаа явуулж байгаад үнэхээр цочирдлоо. Нярай хүүхдүүд, өвчтөн, эмнэлгийн ажилтан энгийн иргэдийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт болох ёстой. Эмнэлэг бол байлдааны талбар биш" хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Мартин Гриффитс мэдэгджээ. 

 

Харин Израилын тал эмнэлэгт байгаа нярай, өвчтөнүүд болон эмнэлгийн ажилтнууд аюулгүй байгаа хэмээн мэдэгдсээр байна. Тэд дутуу төрсөн нярайд зориулсан инкубатор, хүүхдийн тэжээл, эмн бэлдмэлийг эмнэлэгт хүргэсэн гэж ЦАХАЛ-ын төлөөлөгч мэдэгдэж байв.

 

НҮБ-ын мэдээлснээр, Аш-Шифа эмнэлэгт одоогоор өвчтөн, эмнэлгийн ажилтан нийлсэн 2300 хүн, мөн орох оронгүй болсон хэдэн зуун оршин суугч байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-16