Цэвэрлэгч эр 63 насандаа балетын жүжигчин болжээ

Цэвэрлэгч эр 63 насандаа балетын жүжигчин болжээ

Өмнө нь фермер, гудамжны цэвэрлэгч байсан Хятадын оршин суугч Лю Жыцин амьдралаа эрс өөрчилж, мэргэжлийн балетын жүжигчин болжээ. Энэ талаар GMW сонин мэдээлсэн байна. 

 

Лю Жыцин бүх насаараа л балетаар хичээллэхийг мөрөөддөг байжээ. Энэ мөрөөдлөө 63 насандаа биелүүлсэн байна. Тэрбээр 1960-аад оны эхээр "Эмэгтэйчүүдийн улаан отряд" жүжгийг удаа дараа үзсэнээс хойш л бүр багаасаа балетад дуртай, балетаар хичээллэдэг болсон аж. Гэвч Өвөр Монгол дахь хөдөөгийн ядуу айлд өсөж торнисон түүнд балетын сургуульд орох боломж байсангүй. 

Ингээд Лю фермер болж, амьдралдаа нэмэрлэхийн тулд гудамжны цэвэрлэгчийн ажил давхар хийдэг байжээ. Ферм дээр ажиллаж байхдаа бүжгийн бэлтгэл хийж, ажлаа дууссаны дараа гудамжинд гарч бэлтгэлээ үргэлжлүүлэх бол гэртээ ирсэн хойноо балетын поз аван зогсох, суухыг хичээдэг байсан гэнэ. 

 

Балетчин болох хүсэл нь унтарсангүй, 63 насандаа балетын жүжигчин болохоор хатуу шийджээ. "Би бүхий л насаараа бүжиглэхийг хүсдэг байсан. Нэгэн удаа балетын анхан шатны бэлтгэлийн дамжааны талаар зурагтаар хараад би ч гэсэн үзээд алдах хэрэгтэй гэж бодсон" хэмээн Лю ярьсан байна.

 

Түүнийг ийм шийд гаргахад найз нөхөд болон танилуудынх нь ихэнх нь дэмжсэнгүй. Харин гэр бүлийнхэн нь түүнийг дэмжиж, мөрөөдлөө биелүүлэх эрч хүч өгчээ. Лю бэлтгэлдээ очихын тулд хол замыг туулдаг ч илүү цагаар бүжиглэхийн тулд сургалт эхлэхээс нэг цагийн өмнө ирдэг гэнэ.

 

"Өмнө нь миний ходоод өвддөг байсан. Харин байнга бүжиглэж эхэлснээр энэ өвчин алга болсон. Энэ ангид хичээллэж байхдаа өөрийгөө дахин залуужсан мэтээр л төсөөлдөг. Одоо би залуудаа хүсэж байснаа биелүүлж байна" хэмээн Лю ярьжээ.

 

Саяхан тэрбээр Баотоугийн багшийн их сургуулийн жүжигт оролцон, анхныхаа мэргэжлийн тайзан дээр гарсан байна.

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Баотоу гэдгийг монголоор Бугат гэдгээр нь бичиж ярьж байх хэрэгтэй шүү
2023-11-16
Түүнийг хүндэл. Агуу агуу.
2023-11-15