ХАМАС, Израилын хооронд дайн дэгдэснээс хойш Израилын арми Газын зурвас дахь эмнэлгүүдэд агаараас цохилт өгсөн тохиолдол олонтаа гарсан. Энэ удаад Израилын хуурай замын цэргүүд Газын зурвас дахь "Аш-Шифа" эмнэлэг рүү довтолж эхэлсэн талаар Al Mayadeen суваг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Газын зурвас дахь "Аш-Шифа" эмнэлгийн байрны зүүн жигүүрт буун дуу сонсогдож байгаа аж. Энэ эмнэлэгт 700 орчим өвчтөн, 700 эмнэлгийн ажилтан, түүнчлэн 3000 орчим хүн хоргодож байгаа талаарх мэдээлэл гарч байлаа. Гэвч байнгын бөмбөгдөлтийн улмаас эдгээр хүмүүс эмнэлгийн байрыг орхиж чадахгүй байгаа аж.
ХАМАС, Израилын дайн дэгдэснээс хойш түлшгүй болсон эмнэлгүүд туйлын хүнд нөхцөлд ажиллаж, олон хүн эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдах тохиолдол цаг тутамд гарч байгаа юм. Өмнө нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Гебрейесус мэдэг,дэл хийхдээ, Газын зурвас дахь эмнэлгүүдэд түлш, хүнс хүрэлцэхгүй, харин эмнэлгүүдийг тойроод байлдааны ажиллагаа өрнөж байгаа хүнд нөхцөлд хүмүүсийн амь хором мөч тутамд үрэгдэж байгааг онцолж байв.
Газын зурвасын эмнэлэгт түлш хүрэлцэхгүйн улмаас дутуу төрсөн нярай хүүхдүүдийг инкубатороос гаргасан, одоо тэд нас барж болзошгүй гэж нэгэн эмнэлгийн ажилтнууд мэдэгдэж байлаа. ActionAid олон улсын байгууллагын мэдэгдсэнээр, 11 дүгээр сарын 11-ний өдрөө хойш "Аш Шифа" эмнэлэгт инкубаторыг салгасны дараа гурван нярай нас баржээ. Одоо 36 нярайг эмч нар аврахаар хичээж байгаа аж.
Харин Израилын арми эмнэлгийг бүсэлсэн гэх мэдээллийг няцааж, эмнэлгүийн ойролцоо 300 литр түлштэй каниструудыг агаараас буулгасан хэмээн мэдэгдэж байлаа. Түүнчлэн нярай хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэхэд туслахад бэлэн хэмээж байв.
"Аш-Шифа" болон бусад эмнэлгүүдийн талаарх мэдээлэл гарсны дараа Израилд үзүүлэх олон улсын шахалт дарамт нэмэгдэж, энгийн ард иргэдийг хамгаалахад илүү их хүчин чармайлт гаргахыг Израилаас шаардаж байгаа юм.
Харин Израилын тал эмнэлгүүдийг ХАМАС бүлэглэл цэргийн зориулалтаар ашиглаж, энгийн иргэдийг амьд бамбай болгож байгаа хэмээн мэдэгдэж байгаа. Үүний хариуд ХАМАС мэдэгдэл хийхдээ дайчид нь эмнэлгүүдэд нуугдаагүй хэмээн онцолжээ.
Энд дуулгахад, эмнэлгийн байгууллагууд болон тэдгээрийн ажилтнууд нь Женевийн конвенциор хамгаалагдсан байдаг. Энэ конвенцид энгийн ард иргэдэд тусламж үзүүлж буй эмнэлгүүд рүү ямар ч үед халдаж болохгүй, сөргөлдөгч бүхий л талууд эмнэлгийн объектыг хамгаалах ёстой гэж заасан байдаг юм.
НҮБ-ын мэдээлснээр, 10 дугаар сараас хойш Газын зурваст 279 сургууль, 135 эмнэлэг халдлагад өртсөн бөгөөд тэдгээрийн ихэнх нь хоргодох байр зориулалтаар ашиглагдаж байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |