Өнгөрсөн сарын долооны өдөр Палестины ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт халдаж, 1200 орчим хүнийг хөнөөсний дээр олон хүнийг барьцаалсан. Ийнхүү хүмүүсийг барьцаалснаас хойш ХАМАС бүлэглэл "хүмүүнлэгийн зорилгоор" гэсэн тайлбартайгаар дөрвөн эмэгтэйг сулласнаас хойш үлдсэн хүмүүсийн хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм. Сар гаруйн хугацаанд олзны хүмүүсийн хувь заяа шийдэгдээгүй байсан бол одоо сөргөлдөгч хоёр тал ойрын үед хэлэлцээр байгуулах гэж байгаа талаар АВС суваг мэдээлжээ.
Тодруулбал, ХАМАС бүлэглэл болон Израил ойрын хоёр эсвэл гурван өдрийн хугацаанд олзны хүмүүсийг суллах хэлэлцээр байгуулснаа зарлаж магадгүй гэж Израилын өндөр албан тушаалтнаас авсан эх сурвалжтайгаар АВС суваг мэдээлсэн байна. Эх сурвалжийн өгүүлснээр, Газын зурваст байгаа олзны хүмүүстэй холбоотой хэлэлцээрт "ахиц гарсан, ойрын 48-72 цагийн хугацаанд" үр дүн гарахаар байгаа гэнэ.
Газын зурваст 242 олзны хүн байгаа гэсэн мээдэлэл бий. Тэд зөвхөн ХАМАС төдийгүй Исламын жихад зэрэг хэт даврагч бүлэглэлүүдийн гарт байгаа аж. Олзны хүмүүсийг суллах хэлэлцээрийг Катарын зуучлалаар явуулж байгаа бөгөөд Египет ч дэмжлэг үзүүлж байгаа аж.
Өмнө нь ХАМАС бүлэглэлийн улс төрийн товчооны гишүүн Халиль аль-Хайя мэдэгдэл хийхдээ, Палестины хөдөлгөөн Израилын талд нэрсийн жагсаалтыг нь өгсөн 100 олзны хүнийг суллахад бэлэн, гэхдээ тэднээс 50 хүний байршлыг тогтооход шаардлагатай эвлэрлийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд суллах боломжтой гэж мэдэгдэж байв.
Ийнхүү хоёр тал хэлэлцээр хийж байх зуур ХАМАС-т олзлогдсон хүмүүсийн ар гэрийнхэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Олзлогдсон израилчуудын ар гэрийнхний эсэргүүцлийн жагсаал нь олзны хүмүүсийг суллах хүчин чармайлтыг идэвхжүүлэх зорилготой гэж DW мэдээлжээ.
Тодруулбал, Израилаас олзлогдсон хүмүүсийн ар гэрийнхэн 11 дүгээр сарын 14-ний өдөр таван өдрийн эсэргүүцлийн марш эхлүүлж, энэ хугацаанд Тель-Авив хотоос Иерусалим руу маршаар алхахаар болжээ. Тэд энэ маршийн үеэр засгийн газраасаа олзныхныг даруй суллах ажлыг хийхийг шаардаж байгаа юм. Эсэргүүцэгчид 11 дүгээр сарын 18-ны бямба гарагт Биньямин Нетаньяхугийн офисын гадаа хүрснээр дуусгах 63 километрийн марш эхлэх үеэр 100 гаруй хүн оролцжээ.
Эргэн сануулахад, Европын холбоо болон АНУ-д алан хядах байгууллага гэж тооцогддог ХАМАС бүлэглэл 2023 оны 10 дугаар сарын долооны өдөр Израил руу өргөн цар хүрээтэй довтолгоо хийснээр Ойрх Дорнодод сөргөлдөөн хурцадсан юм. ХАМАС-ын дайчид Израил руу их хэмжээний пуужингийн цохилт өгч, энэ улсын нутаг дэвсгэр рүү нэвтэрч, орчин үеийн Израилын түүхэн дэх хамгийн аймшигт цуст халдлага үйлдсэн. Энэ халдлагын улмаас 1200 хүн амиа алдсан юм. Үүний зэрэгцээ 240 гаруй хүнийг олзолсон бөгөөд тэдний хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байгаа.
Энэ халдлагын хариуд Израил ХАМАС бүлэглэлд дайн зарлаж, ХАМАС бүлэглэлийн удирдлаганд байдаг, хүн ам шигүү суурьшсан Газын зурваст цохилт өгч, үүний зэрэгцээ хуурай замын цэргийн ажиллагаа явуулж байна. Израилын энэ хариу үйлдлийн улмаас Газын зурваст амиа алдсан хүний тоо 11 мянгыг давжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |