Оросын Челябинск хотын бизнес эрхлэгч хотын оршин суугчдад 20 тонн банш, мөхөөлдөс үнэгүй тараажээ. Энэ талаар Газета.ru цахим хуудас мэдээлсэн байна.
Уралын бизнесмен ийм шийдвэр гаргах болсон нь бүтээгдэхүүнээ борлуулж чадаагүйтэй холбоотой гэнэ. Челябинскээс Пермь хот руу хүнсний бараа тээвэрлэж явсан ачааны машин Пермь мужид осолджээ. Энэ осол жолооч зүүрмэглэсний улмаас болсон байна.
Болсон хэргийг мэдэж байсан нэгэн эх сурвалжийн өгүүлснээр, бизнес эрхлэгч эр банш болон мөхөөлдөстэй хайрцгуудыг өөр ачааны машин руу ачин, эргээд Челябинск рүү хүргэжээ.
"Ачааг сэлгэн ачихад л 10 цаг зарцуулсан. Эхлээд осолдсон машинаас барааг буулгаж, дараа нь өөр машин руу зөөж ачсан. Үүний дараа бараа ачсан машиныг эргээд Челябинск рүү явуулсан. Бараа бүтээгдэхүүн муудаагүй, дахиж өөр тийш явуулснаас хүмүүст тараасан нь дээр гэж шийдсэн юм билээ" хэмээн сонинд мэдээлэл өгсөн хүн өгүүлжээ.
Ингээд 11 дүгээр сарын 11-ний өдөр бүтээгдэхүүнийг тарааж, банш, мөхөөлдөс авах гэсэн хүмүүс урт дараалал үүсгэсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |