Өнгөрсөн бямба гарагт Хятадад "Ганц бие хүмүүс"-ийн өдрийг тэмдэглэлээ. Хятадууд жил бүрийн 11 дүгээр сарын 11-ний өдрийг Ганц бие хүмүүсийн баяр гэж тэмдэглэдэг бөгөөд өдгөө энэ нь хамгийн том хямдрал, худалдан авалтын өдөр болон хувирсан юм.
Сүүлийн жилүүдэд цахим дэлгүүрүүд 11/11 хямдралд эртнээс бэлддэг болсон. Тухайлбал Tmall цахим хуудас 10 дугаар сарын сүүлээр л томоохон хямдралуудыг зарлажээ. Энэ жилийн хямдралын өдрөөр, 11 дүгээр сарын 10-ны 20:00 цагаас 11 дүгээр сарын 08:00 цагийн хооронд Хятадын цахим дэлгүүрүүдийн борлуулалт 183 тэрбум (shuud.mn: монгол мөнгөөр 94,8 их наяд төгрөг) юаньд хүрсэн байна.
Мөн хугацаанд 615 сая гаруй илгээмжийг эзэнд нь хаяглажээ. Худалдан авагчид хамгийн их сонгон авсан барааны жагсаалтын эхний гуравт гэр ахуйн цахилгаан бараа болон компьютер техник, гар утас, гоо сайхны бүтээгдэхүүн багтсан байна. Түүнчлэн ахмад настнууд бараа захиалах явдал огцом өссөн бөгөөд тэд цахилгаан тэргэнцэр, ухаалаг суултуур, сонсголын аппаратыг хамгийн ихээр захиалжээ.
Энд дуулгахад, 11.11 гэсэн тоо нь 1 гэсэн дөрвөн тооноос бүрддэг тул Хятадад энэ өдрийг "Ганц бие хүмүүсийн өдөр" хэмээн нэрлэдэг аж. Энэ баярын үүслийн талаар олон хувилбар яригддагийн нэг нь 1993 онд Нанкиний их сургуулийн ганц бие оюутнууд энэ баярыг сэдсэн гэх хувилбар юм. Энэ өдөр хямдралын баяр болон хувирахаас өмнө Хятад даяар ганц бие хүмүүс 11 дүгээр сарын 11-ний өдрийг Валентины баярын эсрэг утгатай баяр болгон тэмдэглэдэг байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |