Палестины ХАМАС хөдөлгөөн болон Израилын хооронд дайн дэгдэснээс хойш олон мянган энгийн иргэн амиа алдсан төдийгүй хүмүүнлэгийн сүйрэл нүүрлэсэн Газын зурваст Улаан хавирган сар нийгэмлэгийн түргэн тусламжийн машинууд Израилын талаас халдлагад өртөж байгаа талаар тус нийгэмлэг мэдэгдэж байсан. Харин ЦАХАЛ (Израилын арми) ийнхүү эмнэлгийн машинууд руу халдсан талаараа тайлбар хийжээ.
ЦАХАЛ-ын мэдэгдсэнээр, Газын зурваст түргэн тусламжийн машиныг ХАМАС бүлэглэл зэвсэг болон дайчдаа тээвэрлэх зорилгоор ашиглах нь түгээмэл байгаа тул ийм машинууд руу буудсан гэнэ.
"ХАМАС түргэн тусламжийн машинуудыг зэвсэг болон энгийн иргэд мэтээр халхавчилсан дайчдаа зөөхөд ашиглаж байна. Харин Газын зурвас дахь эмнэлгүүд үнэн хэрэгтээ алан хядагч байгууллагын объектууд. Энэ нь олон улсын эрхзүйг зөрчиж байгаагийн дээр эдгээр объектуудыг хууль ёсны байлдааны бай болгож байгаа юм" хэмээн ЦАХАЛ-ын мэдэгдэлд онцолсон байна.
Үүнээс өмнө, Палестины Улаан хавирган сар нийгэмлэг мэдэгдэл хийхдээ Газын зурвас дахь 18 машиных нь ердөө долоо нь л хэвийн ажиллагаатай, Израилын цэргүүд түргэн тусламжийн машинууд руу буудаж байгаа тул өвчтөнүүдийг зөөхөд туйлын хүндрэлтэй байгааг онцолж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |