Газын зурваст амьдардаг нэгэн шүдний эмч дугаараа нууцласан дуудлагаар сэрэмжлүүлэг хүлээн авснаар олон зуун хүнийг аварсан талаарх түүхийг ВВС агентлаг нийтлэжээ.
"Бид бөмбөгдөх тушаал авсан. Та нарт хоёр цагийн хугацаа байна" гэсэн дуудлагыг Махмуд Шахин 10 дугаар сарын 19-ний өдөр авчээ. Тухайн үед тэрбээр Газын хойд хэсэг дэх Аль-Захра хэмээх дүүргийн гурван өрөө байрандаа байсан аж. Энэ дүүрэг хамгийн тохилог, нэр хүнд бүхий дүүрэгт тооцогддог бөгөөд үл мэдэгдэх дугаараас дуудлага авах хүртэл энэ хэсэг бөмбөгдөлт өртөж байсангүй.
Гудамжинд хүмүүс хашгирч, чимээ гарахыг дуулсан Махмуд гэрээсээ гарч, аюулгүй газар хайх үед дугаараа нууцалсан дуудлага иржээ. "Израилын тагнуулын газраас тан руу ярьж байна" хэмээн утасны цаанаас нэгэн эрэгтэй ярьсан бөгөөд гурван олон давхар сууцыг бөмбөгдөх гэж байгаа, тиймээс энэ бүсээс хүмүүсийг нүүлгэн шилжүүл гэж Махмудад хэлсэн аж. Өөрөө аюулгүй газар байсан ч олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлэх том хариуцлагад унасан тэрбээр чухамхүү яагаад өөрийг нь сонгон ярьсныг ойлгоогүй талаараа ВВС агентлагийн сурвалжлагчид ярьжээ.
Энэ утасны дуудлага цаг гаруй хугацаанд үргэлжилсэн гэнэ. Ингээд үл таних хүмүүсийн удирдлаган дор дүүргийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Сөргөлдөөний үеэр Израилын цэргийн алба хаагчид Газын зурвасын оршин суугчид руу утасдан, агаараас цохилт өгөх гэж байгаа талаарх сэрэмжлүүлгийг хүргэсэн тохиолдол нэг бус удаа гарсан гэнэ.
"Хүмүүст үнэмшүүлэхийн тулд анхааруулах буудлага хий"
Махмудын өгүүлснээр, үл таних хүний үгэнд тэрбээр анхандаа итгээгүй гэнэ. Ойр тойрны хүмүүс нь энэ утасны дуудлага бол зүгээр нэг шоглоом хэмээн ярьж байжээ. Учир нь Израилын халдлага эхэлснээс хойш Фейсбүүк дэх группүүдээр израильчуудаас хуурамч дуудлага ихээр ирэх болсон, үүнийг жинхнээс нь хэрхэн ялгах талаар зөвлөгөөнүүд гардаг болсон аж.
Тиймээс Махмуд утсаар ярьж байгаа хүнд хандан, хүмүүсийг болж буй үйл явдлыг үнэн гэдэгт итгүүлэхийн тулд анхааруулах буудлага хийхийг хүсчээ. Унтаж байгаа хүмүүс гудамжин дахь хашгирааныг дуулаагүй, харин буун дууг сонсож магадгүй гэж тэр бодсон гэнэ.
Үүний дараа нэгэн орон сууцан дээрээс анхааруулах цохилт өгчээ. Ийм цохилтыг хаанаас өгсөн нь тодорхойгүй, дроноор өгсөн байж болзошгүй аж.
"Бөмбөгдөлтөө эхлэхээс өмнө дахин нэг сэрэмжлүүлэх цохилт өгөхийг хүссэн" хэмээн Махмуд өгүүлжээ. Үүний дараа дахин дэлбэрэлт болсон байна. Аюул занал бодитоор нүүрлэснийг ойлгосон Махмуд бөмбөгдөлтийг хойшлуулахыг гуйж, нүүлгэн шилжүүлэхэд хугацаа хэрэгтэй байгааг хэлжээ. Харин түүнтэй ярьж байсан эр хэн нэгэн амиа алдаасай гэж хүсэхгүй байгаа тул хугацаа өгнө гэж амласан гэнэ.
Ингээд Махмуд утсаа таслалгүйгээр хөршүүд рүүгээ гүйж, хүмүүсийг гэрээсээ хурдан гарахыг шаарпжээ. Нэгэн хөршийн дурссанаар, Махмуд "байдаг чадлаараа хашгирч", харин бусад хүмүүс түүнийг даган гүйлдэж байсан гэнэ.
Тэр өглөө олон зуун хүн гудамжинд гүйлдэн гарчээ. Ихэвчлэн тайван, чимээгүй байдаг энэ дүүргийн оршин суугчид хаа сайгүй гүйлдэн гарч, зарим нь дөнгөж сэрсэн, унтлагын хувцастайгаа гудамжинд гарсан аж.
Аль--Захра дүүрэг Газын хойд хэсэгт оршдог, орчин үеийн сууцууд, кафе, дэлгүүр, их сургууль, дунд сургууль, цэцэрлэгт хүрээлэнгүүдээрээ алдартай. Чухамхүү эдгээр цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс сэрэмжлүүлгийн дараа гэрээсээ гарч, цуглажээ.
Бөмбөгдөлт зогссоны дараа Махмудтай утсаар ярьж байсан хүн "Бид дууслаа, та нар харьж болно" хэмээн өгүүлсэн гэнэ.Харин мөн өдрийн орой нь гэртээ байх үед нь Махмудын утсанд дугаараа нууцалсан нэг дуудлага ирсэн байжээ.
"Дахиад орон байраа орхих хэрэгтэй, бөмбөгдөлт болох нь гэдгийг би шууд л ойлгосон. Гэхдээ энэ удаад бөмбөгдөлтийн бай нь чухам ямар газар болохыг мэдээгүй. Манай байр эсвэл хөрш байр ч байж болох юм гэж бодсон юм" хэмээн Махмуд өгүүлжээ.
Тун удалгүй түүний утас дахин дугарчээ. Энэ удаад өөр эрэгтэй хүний хоолой байв. Өглөө болсон үйл явдлаас Махмудыг хариуцлагатай хүн гэдгийг мэдсэн тул дахин залгаж байна гэж эрэгтэй өгүүлээд, өөрийгөө Дауд хэмээн танилцуулжээ. Дауд Махмудын нэр, овог төдийгүй хүүгийнх нь нэрийг ч хэлж байсан нь Махмудад нэн түгшүүртэй санагдсан гэнэ.
Дауд хэмээн өөрийгөө танилцуулсан эр орой дахиж хэд хэдэн байшинг бөмбөгдөнө, хөршүүдээ нэн даруй нүүлгэх хэрэгтэй гэж Махмудад өгүүлжээ. Ингээд Махмуд дахин хөршүүдээ дуудаж, аюулгүй газарт очсон байна. Энэ удаад арай туршлагажсан оршин суугчид гар чийдэн, зарим нь солих хувцас, ус, эмийн сан гээд хэрэгцээтэй зүйлс авч гарсан аж.
Дауд хэмээх эртэй утсаар ярьж байх үеэрээ шүдний эмч Махмуд мөн өдрийн өглөөний адилаар бөмбөгдөлтөө хойшлуулахыг гуйж, хүмүүс нүүх шаардлагатай хэмээжээ. Хүмүүсийг нүүлгэсний дараа гурван орон сууцыг бөмбөгдөсөн байна. Үүний дараа дахин гурван байшинг бөмбөгдөнө, дараа нь хүмүүс гэртээ орж болно хэмээн Дауд өгүүлсэн ч гэнэт төлөвлөгөө нь өөрчлөгдсөн гэнэ. Гудамжны арын хэсгийн бүх байшинг бөмбөгдөх тушаал гарсан гэдгийг Махмудад дуулгав. Энэ нь 20 гаруй орон сууц бөгөөд дотор нь хэдэн зуун айл оршин суудаг сууц аж.
"Гэртээ олон хүн байгаа шүү дээ. Тэр байранд цохилт өгнө гэсэн сэрэмжлүүлэг ирээгүй учраас хүмүүс юу ч мэдээгүй байгаа. Ядаж өглөө болтол хугацаа өгөөч, хүмүүс шөнө дунд хаачих вэ?" хэмээн Махмудыг өгүүлэхэд "Бид тушаал авсан, хоёр цагийн дараа тэр байрнуудыг бөмбөгдөнө"гэсэн хариу иржээ. Ингээд Махмуд дахиад л хороолол хооронд гүйж, байдаг чадлаараа хашгиран, хүмүүст сэрэмжлүүлж эхэлжээ.
Хэдийгээр маш их цочирдсон байсан ч Махмуд утсаа салгалгүй, бөмбөгдөлтийг хойшлуулахын тулд бүхий л чадлаараа хичээж байсан гэнэ. Харин түүнтэй ярилцаж буй эр маш тайвнаар "Битгий яар аа, чи сайн үйлээ хийх хүртэл би бөмбөгдөхгүй" хэмээн өгүүлж байсан гэнэ.
Тэр орой багахан бөмбөгдөлт биш харин орон сууцнуудыг бүрэн устгаж, орон сууцууд нэг нэгнийхээ араас газрын хөрстэй тэгширч байсан гэнэ. Орон гэрээ яаралтай орхисон оршин суугчид их сургуулийн байранд хоргоджээ. Махмуд болон өөрийгөө Дауд хэмээн танилцуулсан эрийн яриа гудамжинд нам гүм болох хүртэл үргэлжилсэн гэнэ. Дараа нь дуудлага гэнэт тасарч, дахин хэн ч холбогдоогүй аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |