Их Британи тамхин бүтээгдэхүүн, цахилгаан тамхийг өсвөр насныханд зарахыг хориглосон хуулийн төсөл хэлэлцэхээр зэхэж байгаа. Энэ хуулийн төслийг Их Британийн хаан III Чарльз дэмжиж байгаагаа Парламентын ээлжит чуулганыг нээх үеэр хэлсэн үгэндээ онцолжээ.
"Бид тамхи татдаггүй хойч үеийг өсгөн хүмүүжүүлэх боломж олгох хуулийг засгийн газар өргөн барьж байна. Одоо 14 болон түүнээс доош настай хүүхдүүдэд хэзээ ч тамхи зарахгүй, бид цахилгаан тамхины худалдаа болон сурталчилж байгааг хязгаарлана. Үүний зэрэгцээ, насанд хүрээгүй хүүхдүүдэд цахилгаан тамхи сурталчилж, худалдаж байгаа явдлыг хатуу хянана" хэмээн III Чарльз хаан мэдэгджээ.
Их Британийн Засгийн газар 2009 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш төрсөн хүмүүст тамхины агууламжтай бүтээгдэхүүн худалдахыг хориглосон хуулийн төслийг Парламентаар хэлэлцүүлэхээр болсон юм.
Цаашлаад жил бүр худалдан авагчдын насыг нэг жилээр нэмж, улсын бүх хүн амыг хамруулах аж. Ингэснээр 2040 он гэхэд залуус тамхинаас бүрэн татгалзах боломжийг олгоно гэж Их Британийн засгийн газар үзэж байгаа юм.
"Би хойч үедээ сайхан, гэрэлт ирээдүйг бүтээхийг хүсэж байна. Тиймээс тамхины хэрэглээг нэг мөр үгүй болгохыг хүсэж байгаа юм. Энэ өөрчлөлтийн ачаас хүүхдүүд хэзээ ч тамхи худалдан авч чадахгүй, ингэснээр өнөөдөр болон ирээдүйд тамхины хор уршгаас өөрийгөө хамгаалах боломжтой болно" гэж хуулийн төслийн санаачлагч, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак мэдэгдэж байлаа.
Тодорхой нас заан, тамхи худалдахыг хориглох санал гаргасан Их Британи улсад тамхины хэрэглээнээс үүдэлтэй нас баралт их байдаг.
Тодруулбал, энэ улсад 18-аас дээш насныхан тамхи худалдан авах эрхтэй байдаг бөгөөд жил бүр тамхины улмаас 64 мянган хүн нас бардаг байна. Мөн сар бүр 75 мянган хүн тамхины хэрэглээнээс үүдэлтэй өвчний улмаас эмнэлэгт ханддаг аж. Түүнчлэн тамхины хэрэглээтэй холбоотой ажилгүйдэл, эрт нас баралт, эрүүл мэндийн зардлын улмаас Британийн эдийн засаг жил бүр 17 тэрбум фунт стерлингийн алдагдалд ордог гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |