Нэрт зураач Пабло Пикассогийн "Бугуйн цагтай эмэгтэй" хэмээн 1932 оны бүтээл дуудлага худалдаагаар 139 сая доллар хүрч зарагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Пикассогийн зураг 140 сая доллараар зарагджээ
Пикассо хайртай бүсгүй Мари-Терез Вальтерыг дүрсэлсэн "Бугуйн цагтай эмэгтэй" зураг 139,4 сая долларт хүрч зарагдсанаар Пикассогийн бүтээлүүдээс хамгийн өндөр үнэд хүрсэн хоёр дахь бүтээл болсон юм. Дуудлага худалдаагаар суут зураачдын бүтээл өндөр үнээр зарагдах нь элбэг, эдгээрээс, түүхэнд хамгийн үнэд хүрч худалдаалагдсан таван зургийг танилцуулж байна.
"Дэлхийг аврагч", Леонардо да Винчи
XIII зууны сүүл, XIV зууны эхэн үед бүтээгдсэн гэж тооцогддог, Леонардо да Винчин "Дэлхийг аврагч" зураг түүхэн дэх хамгийн үнэтэй урлагийн бүтээлд тооцогддог юм. Энэ зураг дээр баруун гараараа загалмайлж, зүүн гартаа дэлхийг төлөөлүүлсэн тунгалаг бөмбөлөг барьсан Иисүс Христийг дүрсэлжээ.
"Дэлхийг авргач" хэмээх энэ бүтээлийг 2017 онд Christie's дуудлага худалдаанаас Саудын Арабын ханхүү Мухаммед ибн Салман Аль Сауд 450 сая ам.доллараар (shuud.mn: өнөөгийн ханшаар хөрвүүлвэл, монгол мөнгөөр 1 568 700 000 000 болно) худалдан авч, дарвуулт онгоцондоо байрлуулжээ.
Энд дуулгахад, "Дэлхийг аврагч" зургийг Да Винчи бүтээсэн гэгддэг ч өөр хүний бүтээл гэх зэргээр зураачийн талаарх маргаан өнөө хэр бий.
"Алжир эмэгтэйчүүд", Пабло Пикассо
"Бугуйн цагтай эмэгтэй" зураг Пикассогийн зургуудаас хамгийн өндөр үнэд хүрсэн хоёр дахь бүтээл болсон бол эхнийх нь зураг "Алжирийн эмэгтэйчүүд (О хувилбар)" юм.
Энэ зураг 1955 онд бүтээгдэж, 2015 онд дуудлага худалдаагаар 179,4 сая долларын (shuud.mn: өнөөгийн ханшаар хөрвүүлвэл, монгол мөнгөөр 625 388 400 000 төгрөг болно) үнэд хүрчээ. "Алжирын эмэгтэйчүүд" зургийг ийм үнээр Катарын Ерөнхий сайд асан Хамад бен Джасим бен Джабер Аль Тани худалдан авч байсан юм.
"Нүцгэн бүсгүй", Амедео Модильяни
ХХ зууны эхэн үеийн хамгийн алдартай зураачдын нэг, Италийн зураач, уран барималч Амедео Модильяни "Нүцгэн бүсгүй" бүтээлээ 1971 онд туурвижээ.
Энэ бүтээл 2015 онд дуудлага худалдаагаар 170,4 сая долларын (shuud.mn: өнөөгийн ханшаар хөрвүүлвэл, монгол мөнгөөр 592 620 000 000 төгрөг болно) үнэд хүрсэн байна.
Улаан бүтээлэг дээр хэвтэх, хар үстэй нүцгэн бүсгүйг дүрсэлсэн энэ зургийг Модильянигийн найз, найрагч Леопольд Зборовски захиалан бүтээлгэж байжээ. Үүнээс хойш хэд хэдэн хүний гар дамжсан "Нүцгэн бүсгүй" зургийг 170,4 сая доллараар Хятадын бизнесмен Лю Ицянь худалдан авсан байна.
"Люсьен Фрейдийн хөргийн гурван таталбар", Фрэнсис Бэкон
Английн экспрессионист зураач Фрэнсис Бэкон "Льюсен Фрейдийн хөргийн гурван таталбар" зургаа 1969 онд бүтээжээ. Тосон будгаар зурсан, ижил хэмжээтэй гурван зураг дээр Бэконы найз Льюсен Фрейдийг өөр өөр өнцгөөс дүрслэн харуулсан байна.
Фрэнсис Бэконы энэ зураг 2013 онд дуудлага худалдаагаар 142,4 сая доллар (shuud.mn: өнөөгийн ханшаар хөрвүүлвэл, монгол мөнгөөр 496 406 400 000 төгрөг болно) -аар Америкийн тэрбумтан, казиногийн сүлжээ хамтран эзэмшигч, урлагийн бүтээл цуглуулагч Элейн Винн худалдан авчээ.
"Хашгираан", Эдвард Мунк
Түүхэн дэх хамгийн алдартай дүрүүдийн нэг нь Норвегийн экспрессионист зураач Эдвард Мункийн "Хашгираан" цувралын баатар юм.
2012 онд Америкийн хөрөнгө оруулагч Леон Блэк 1910 онд бүтээгдсэн цувралын дөрөв дэх зургийг дуудлага худалдаанд байршуулжээ. Энэ дуудлага худалдаагаар "Хашгираан" зургийг Норвегийн тэрбумтан Петтер Олсен 119,9 сая доллараар (shuud.mn: өнөөгийн ханшаар хөрвүүлвэл, монгол мөнгөөр 417 971 400 000 төгрөг болно) худалдан авчээ.
Г.Бямбасүрэн