Ухаалаг утсаар согтолтын зэргийг тогтоодог болжээ

Ухаалаг утсаар согтолтын зэргийг тогтоодог болжээ

Америкийн эрдэмтэд согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсээр түргэн хэллэг хэлүүлж, улмаар согтолтын зэргийг тогтоох тестер ухаалаг утсан дээр суулган туршжээ. Энэ судалгааны талаар  Journal of Studies on Alcohol and Drugs сонинд нийтлэгдсэн байна. 

 

Хиймэл оюун ухааны салбар дахь ололтууд олон үзүүлэлт, тэр дундаа дуу хоолойг шинжлэн согтолтын зэргийг тогтоох боломж өгсөн аж. Тодруулбал, Стэнфордын их сургуулийн Анагаах ухааны сургууль болон Торонтогийн их сургуулийн эрдэмтэд хүмүүсийн дуу хоолойгоор согтолтын зэргийг компьютер тогтоож чадах эсэхийг тодруулахын тулд туршилт явуулсан байна. 

 

Туршилт судалгаанд 21-ээс дээш насны 18 хүн оролцож, оролцогчдод төрөл бүрийн хэмжээгээр согтууруулах ундаа өгч, түргэн хэллэг хэлүүлжээ. Эхний түргэн хэллэгийг эрүүл үед нь, согтууруулах ундаа хэрэглэснээс хойш цагийн дараа гэх мэтчилэн түргэн хэллэг хэлүүлж, ухаалаг утасны хэмжигчээр шалгасан байна. 

 

Ингээд туршилтын дүнгээр, ухаалаг утасны согтууруулах ундааны зэрэг шалгагч тестер хүмүүс ямар түвшинд согтсоныг 98 хувийн нарийвчлалтайгаар тогтоож чадаж байжээ.

 

Гар утасны тестер согтолтын зэрэг тодорхойлж чадаж байгаа тул цаашдаа энэ төрлийн аргыг илүү боловсронгуй болгон хэрэглээнд нэвтрүүлснээр согтуу жолоочийг нэн даруй илрүүлж, зам тээврийн ослоос сэргийлэх боломжтой гэж эрдэмтэд онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ