Израилын агаарын цэргийн хүчин Газа дахь хүүхдийн эмнэлэгт цохилт өгчээ

Израилын агаарын цэргийн хүчин Газа дахь хүүхдийн эмнэлэгт цохилт өгчээ

Израилын Агаарын цэргийн хүчин Газын зурвас дахь "Аль-Шифа" эмнэлэг болон "Наср" хүүхдийн эмнэлгийн орчимд агаараас цохилт өгчээ. Энэ талаар Палестины WAFA агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, пүрэв гарагт шилжих шөнө Израилын нисэх хүчин олон мянган өвчтөн болон түр хоргодохоор эмнэлгийг зорьсон олон хүн байсан Аль-Шифа эмнэлгийн орчимд цохилт өгчээ. Үүний зэрэгцээ Наср хүүхдийн эмнэлэгт цохилт өгсний улмаас гурван хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна. 

 

Үүнээс өмнө, 10 дугаар сарын дундуур Израилын арми Газын зурвас дахь эмнэлэгт цохилт өгсний улмаас 800 гаруй хүн амиа алдаж байв. Тухайн үед мөн л өвчтөнүүдээс гадна олон хүн эмнэлэгийн барилга руу халдахгүй гэсэн найдлагатайгаар энэ газарт хоргодож байжээ.

 

Эргэн сануулахад, өнгөрсөн сарын долооны өглөө ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт халдасны улмаас Ойрх Дорнодын сөргөлдөөн хурцадсан юм. ХАМАС-ын алан хядагчид Израил руу цохилт өгч, энгийн иргэдийг хөнөөж, Израилын талаас 1400 хүн амиа алдан, 250 хүн олзлогдсон. Үүний хариуд Израил ХАМАС-т дайн зарлаж, хүн ам шигүү суурьшсан Газын зурваст цохилт өгч, хуурай замын цэргийн ажиллагаа явуулснаар амиа алдсан хүний тоо 10 мянгыг давжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ