Хийгээгүй хэргийн төлөө шоронд 28 жил суусан эрд олон сая долларын нөхөн олговор олгожээ

АНУ-ын Пенсильвани мужийн оршин суугч эр шударга бусаар шийтгүүлж, олон жил шоронд хоригдсоныхоо төлөө их хэмжээний нөхөн төлбөр авч, саятан болсон талаар WPVI-TV мэдээлжээ.
Одоогоос 30 орчим жилийн өмнө, 1988 оны долдугаар сард гэмт этгээд Филадельфи хотод дөрвөн настай Барбара гэх охиныг хөнөөсөн аж. Мөрдөн байцаагчид энэ хэрэгт Уолтер Огродыг сэжигтнээр татсан байна. Тэрбээр шүүх хурал болохоос ч өмнө гэм буруугаа хүлээсэн ч хожим нь "цагдаагийн дарамтан дор мэдүүлэг өгсөн" гэж өгүүлжээ. Эхний шүүх хурлаас гаргасан яллах дүгнэлтийг алдаатай гэж үзэн цуцалсан ч 1996 оны 10 дугаар сард болсон шүүх хурлаар Уолтерл ялын дээд хэмжээ оноосон байна.
Хожим нь эрэн сурвалжлах сэтгүүлчид энэ хэргийн мөрөөр орж, хэргийн газар дээрээс олдсон ДНХ дээж Уолтертэй огт хамааралгүй, өөр хүнийх байсан гэдгийг олон нийтэд зарлажээ. Улмаар 2020 онд Уолтер Огродыг цагаатган, хорих газраас сулласан байна.
Түүнийг суллагдсаны дараа нь өмгөөлөгчид нөхөн олговорын асуудлыг хөөцөлдөж, улмаар бусдын хэргийг үүрч 28 жил шоронд суусан эр Филадельфийн эрх баригчдаас 9,1 сая долларын нөхөн олговор авах эрхтэй болжээ.
Амиа алдсан охины ээж Огродыг гэм буруугүй гэдэгт итгэж байснаа сэтгүүлчдэд ярьсан байна. "Түүнийг шударга бусаар шүүсэн гэдэгт би итгэлтэй байдаг байсан. Харин охиныг минь биднээс салгасан тэр этгээд нүглийнхээ төлөөсийг төлнө гэж бид найдаж байгаа" хэмээн тэрбээр өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ