Берлусконигийн хүүхдүүд болон нууц амрагуудын хооронд өв хөрөнгийн төлөөх дайн дэгджээ

Италийн Ерөнхий сайд агсан Сильвио Берлускони энэ оны зургадугаар сард таалал төгссөн. Чинээлэг эрхмийн өв хөрөнгийг хүүхдүүд нь хэр хэмжээгээр залгамжлан авах асуудал ид яригдаж байх үеэр Берлусконигийн нууц амрагууд "гай тарьж" эхэлжээ. The Mirror сонины мэдээлснээр, Берлусконигийн хүүхдүүд талийгаач эцгийнхээ олон нууц амрагт дайн зарлаж, өнөө хэр Берлусконигийн байр, харшид амьдарч байгаа 20 эмэгтэйг сууцнаас хөөн гаргахаар зэхэж байгаа гэнэ.
Бегрлускони амьд ахуйдаа амраглаж явсан эмэгтэйчүүддээ орон сууц өгөхийн зэрэгцээ сар бүр тэтгэмж өгдөг байжээ. Тэрээр нууц амраг тус бүртээ сар бүр 2500 евро буюу монгол мөнгөөр 9,5 сая төгрөгтэй тэнцэх тэтгэмж өгдөг байсан гэнэ. Ингэснээр, Берлусконигийн секс дуулианаас болж хохирсон эмэгтэйчүүдэд тэрээр тусалдаг байсан гэсэн албан ёсны тайлбар бий. Харин Берлускониг эсэргүүцэгчид тэрээр ийнхүү мөнгө төлж, эмэгтэйчүүдийн амыг хаадаг байсан, мөнгө өгөхгүй бол секс дуулиан ээлжит эрүүгийн хэрэг болон дэврэх байсан гэж үздэг юм.
Түүнийг тойрсон амрагийн дуулиан мундахгүй. 2009 онд түүнийг насанд хүрээгүй загвар өмсөгчтэй нэр холбогдсон гэсэн шуугиан гарсан ч тэрбээр шүүхийн хаалга таталгүй, мултарч байв. Гэвч хоёр жилийн дараа түүний эсрэг хэрэг үүсгэсэн бөгөөд Берлускони Мароккогийн 17 настай бүжигчинтэй холбоотой нь тогтоогдож, долоон жилийн ял сонссон ч ялыг удалгүй хэрэгсэхгүй болгож байв.
Берлускони орон байраар хангаж, мөнгө өгдөг байсан олон эмэгтэй түүнтэй холбоотой шүүх хурлуудад гэрчээр оролцон, Берлускониг өмгөөлсөн мэдүүлэг өгдөг байжээ. Тиймдээ ч тэд мөнгө авдаг байсан гэж хүмүүс үздэг. Харин одоо Берлускони хэдийнэ бие барсан, ийм эмэгтэйчүүдийг цаашид өмч хөрөнгөдөө байлгаж, хамгаалах шаардлагагүй гэж Берлусконигийн хүүхдүүд үзэж байгаа аж.
Берлусконигийн харшид болдог байсан садар үдэшлэгүүдийн талаар олон улсын хэвлэлүүдээр байнга гардаг байв. Берлускони найз, Ливийн дарангуйлагч Муаммар Каддафигийн адилаар ийм үдэшлэгээ "бунга-бунга" хэмээн нэрлэдэг байжээ. Нэгэн шүүх хурлын үеэр гэрчүүд мэдүүлэг өгөхдөө, Берлусконигийн садар үдэшлэг дээр уригдаж ирсэн бүсгүйчүүд гэлэнмаа, сувилагч, цагдаагийн дүрэмт хувцас, заримдаа Барак Обама, Рональдино нарыг дуурайн хувцаслан ирж, бүжиглэдэг байсан гэнэ. Үдэшлэгийн дараа Берлускони аль нэг бүсгүйг сонгон, шөнийг өнгөрүүлдэг байсан аж.

2010 онд Берлусконигийн эхнэр түүнийг насанд хүрээгүй охидтой холбоотой байгаагаас залхаж, салахаар шийдсэнээ зарлаж байлаа. Берлускони насанд хүрээгүй охидтой удаа дараа холбогдож байсны нэг нь дээр өгүүлсэн, 17 настай, Мароккогийн бүжигчин Карима Эль-Маруг юм. Карима нэгэнтээ хэдэн мянган еврогийн үнэтэй бугуйвч хулгайлсан хэргээр цагдаагийнханд саатуулагдахад Берлускони өөрөө утас цохин, түүнийг суллаж байсан гэдэг.
Ингээд бүсгүйг сулласан ч прокурорын газар Берлускониг шалгаж эхэлжээ. Харин Берлускони "бунга-бунга" гэдэг нь ердөө л тансаг оройн хоол хэмээн мэдэгдэж байв. Гэсэн ч мөрдөн байцаагчид Берлусконигийн үдэшлэгүүдэд оролцож байсан 33 залуу бүсгүйг олж тогтоон, тэд Берлусконитой шөнийг өнгөрүүлснийхээ төлөө мөнгө авсан хэмээн мэдүүлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ