Өмнөд Солонгос бясаа устгах үндэсний хэмжээний аян зарлажээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар бясаа ихэссэн мэдээлэл ихээхэн гарах болсон тул "бясаанд дайн зарласан" талаар The Guardian сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, ирэх долоо хоногоос эхлэн эрх баригчид нийтийн халуун усны газар, зочид буудал зэрэг эрсдэлтэй газруудыг шалгаж, бясаа илэрсэн хэсгүүдийг нэн даруй ариутгаж, устгал хийх юм байна.
Есдүгээр сард Францад нүүрлэсэн бясааны тархалт Өмнөд Солонгост ч толгойн өвчин болж байгаа нь дөрвөн долоо хоногийн хугацаатай аян зарласнаас илэрхий хэмээн эх сурвалж онцолсон байна.
Өмнөд Солонгос 1960-аад онд үндэсний хэмжээний ариутгалын ажил зохион байгуулснаар бясаанаас бараг бүрэн салаад байсан бөгөөд саяхныг хүртэл бясаа илэрсэн тохиолдол ердөө есөн удаа бүртгэгдэж байжээ.
Бясаа дахин илэрсэн тул Өмнөд Солонгосын засгийн газар үндэсний хэмжээний аян зарлаж, 500 сая воныи хөрөнгө төсөвлөж, бясааны тархалттай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулсан байна.
Энэ удаад тус улсад бясаа тархсан нь коронавирусийн цар тахлын дараа зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцалсантай холбоотой гэж эрх баригчид үзэж байгаа аж. Тиймээс Франц, Их Британи зэрэг бясаа тархаж буй улс орнууд руу зорчих хүмүүст тусгайлан зөвлөмж хүргүүлдэг болжээ.
Бясаа хэдийгээр халдварт өвчин тараадаггүй ч бясаанд хазуулснаар загтнаж, арьсны өвчин үүсэх магадлалтай байдаг юм. Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр, хүмүүс хортон шавжнаас зайлсхийхийн тулд өдөр тутмын зуршлаа өөрчилж, зарим нь нийтийн тээврээр үйлчлүүлэх, гэрээсээ өөр газар хооллохоос зайлсхийж байгаа гэнэ. Мөн сүүлийн өдрүүдэд бясаанд хазуулсан гэж зөвлөгөө авахаар ирсэн хүмүүсийн тоо эрс өссөн талаар Өмнөд Солонгосын эмнэлгүүд мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ