Соронзон шуурга гурван өдөр үргэлжилнэ

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын есний өдрөөс эхлэн гурван өдөр соронзон шуурга болно, энэ нь мэдрэг хүмүүст нөлөөлж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулжээ. Энэ талаарх мэдээллийг Фокус сонин дамжуулсан байна.
Соронзон шуурга нь нарны салхи дэлхийн соронзон талбайтай харилцан үйлчилсний дүнд үүсдэг үзэгдэл юм. Энэ сарын еснөөс 12-ныг дуустал үргэлжлэх соронзон шуурга нь 4 баллын хүчтэй, дунд зэрэг эрчимжилттэй шуургад тооцогдож байгаа аж.
Соронзон шуурга дайрсан өдрүүдэд эрүүл мэндийн асуудалтай хүмүүст артерийн даралт ихсэх, нойр муудах, толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг байна. Тиймээс эдгээр өдрүүдэд биеийн хэт их ачаалалтай ажиллахаас зайлсхийж, амрах цаг зав гарган, ус их уухыг мэргэжилтнүүд зөвлөжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ