Өнгөрсөн сарын долооны өглөө Палестины ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт халдсанаар өнөөгийн дайн эхэлсэн. ХАМАС бүлэглэлийн халдлагын хариуд Израил дайны байдал зарлаж, дайчилгаа явуулан, Газын зурваст агаараас цохилт өгч байгаад 10 дугаар сарын 27-ны өдрөөс хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлсэн юм.
Хуурай замын цэргийн ажиллагаа эхлэснээс хойш ХАМАС-ын байршлуудыг устгасан, энэ хөдөлгөөний толгойлогчдын нэгийг бункерт нь бүсэлсэн гэх мэдээлэл гарч байлаа. Харин энэ удаад ЦАХАЛ мэдэгдэл хийхдээ ХАМАС бүлэглэл Газын зурвасын хойд хэсэг дэх хяналтаа алдсан гэж онцолсон байна.
Лхагва гарагт Израилын Батлан хамгаалахын арми ЦАХАЛ-ын хэвлэлийн нарийн бичгийн дарга Даниэль Хагари ХАМАС бүлэглэл Газын зурвасын хойд хэсэг дэх хяналтаа алдсан, 11 дүгээр сарын наймны өдөр 50 мянга орчим оршин суугчийг хүмүүнлэгийн коридороор дамжин өмнөд зүг рүү нүүлгэн шилжүүлсэн хэмээн онцолжээ.
"Бид Газа хотод өгөх цохилтоо нэмэгдүүлж, иргэний объектуудтай залгуулан барьсан газар доорх хонгилуудыг бүслэж байна. Өнөөдөр Газын 50 мянга орчим оршин суугч өмнөд зүг рүү нүүлээ, тэд ХАМАС хяналтаа алдсан гэдгийг ойлгож байгаа" хэмээн ЦАХАЛ-ын хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгджээ. Түүний онцолсноор гал зогсоох төлөвлөгөө байхгүй, гэхдээ энгийн иргэдийг нүүлгэхийн тулд "хүмүүнлэгийн түр завсарлага" авч байгаа гэнэ.
Сүүлийн үеийн гол мэдээллүүд
Өнгөрсөн сарын долооны өдөр эхэлсэн дайны нэг сарын хугацаанд амиа алдсан хүний тоо 10 мянгыг давсан талаар Палестины Эрүүл мэндийн яам 11 дүгээр сарын долооны өдөр мэдэгдсэн юм. Тодруулбал, Газын зурвас руу халдсанаас хойш нэг сарын хугацаанд 10 022 палестин хүн амиа алдсаны 4104 нь хүүхэд байгаа аж. Түүнчлэн ЦАХАЛ-ын цохилтын улмаас Иордан голын баруун эрэгт 152 хүн амиа алдсан бол ХАМАС-ын халдлагын улмаас Израил 1400 гаруй хүнээ алджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |