Дубайн Зам, тээврийн удирдах газар хүргэлтийн ажилтнуудад зориулсан амралтын бүс байгуулахаар болжээ. Энэ төслийн зорилго нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад чиглэгдсэн аж.
Эмиратын хэвлэлүүдийн мэдээлснээр, хотын гол бүсүүдэд 40 өртөө байгуулж, эдгээр өртөөнд хүргэлтийн ажилтнууд шинэ захиалгаа хүлээх зуураа амрах тав тухтай орчныг бүрдүүлэх юм байна. Хүргэлтийн ажилтнууд завгүй ажлынхаа үеэр амрах газартай болсноор зам тээврийн осол буурч, хүргэлтийн албаны ажилтнууд ажилдаа сэтгэл хангалуун, ажлаа түүртэлгүй хийдэг болоход тусална гэж хотын эрх баригчид мэдэгджээ.
Одоогийн байдлаар Аль Баршад хоёр амралтын бүсийг барьж дууссан байна. Үлдсэн өртөөг гурван үе шаттай байгуулж, 2024 оны долдугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Төлөвлөгөө ёсоор, амралтын бүс бүр зууш худалдах автомат машин, ундны усны төхөөрөмж болон гар утас цэнэглэгчээр тоноглогдсон байх аж. Өртөө бүр нэг дор 10 хүн хүлээн авах багтаамжтай, түүнчлэн машины зогсоолтой байх гэнэ.
Энд дуулгахад, Дубай хотод хүргэлтийн компанийн ажилтнууд өдөр бүр хотын төрөл бүрийн дүүргүүд рүү захиалга хүргэж өгдөг байна. Сүүлийн жилүүдэд хүргэлтийн үйлчилгээний эрэлт эрс нэмэгдсэн бөгөөд 2022 онд Дубайд мотоциклтэй хүргэлтийн үйлчилгээний компани 2891 болж, өмнөх оноос 40 хувиар нэмэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |