“Тээврийн долоо хоног” Олон Улсын форум гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус форумд Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга “Боомтын сэргэлт” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр илтгэлдээ “...Монгол Улс 39 боомттой. Үүний 27 нь автозамын, 6 нь төмөр замын, 6 нь агаарын тээврийн боомт байна. Одоогоор 27 боомт үйл ажиллагаа явуулж байна. ОХУ-тай 16 боомтоор, БНХАУ-тай 17 боомтоор холбогддог. Шинээр автозамын 1, төмөр замын 1 боомт нээгдэхээр яригдаж байгаа. Мөн агаарын 4 боомтыг өргөтгөхөөр төлөвлөж байна.
Боомтын хүчин чадлыг 2022 оноос багадаа 3 дахин нэмэгдүүлэх, Мянганы замын дэд бүтцийн сүлжээтэй холбох, төмөр замаар холбох зорилтуудыг тавьж байна. Үүний үр дүнд боомтын хүчин чадал 3 дахин, төмөр болон автозамын сүлжээний хүчин чадал 2 дахин нэмэгдэнэ.
Боомтуудын ачаа болон зорчигч тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Монгол Улсын экспортын хэмжээг 2022-2024 онд 14 тэрбум ам.доллар, 2025-2028 онд 17 тэрбум ам.доллар, 2029-2030 онд 20 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байна. Хуурай замын Алтанбулаг, Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар боомтуудыг үе шаттай хөгжүүлж, боомтуудыг холбосон 2966 км зам барихаар ажиллаж байна.
Монгол Улсын 15 боомтоор гаргасан экспортын хэмжээ 2023 оны III улиралд 10.74 тэрбум ам.долларт хүрсэн байгаа. Нийтдээ 55.9 сая тонн ачааг боомтуудаар нэвтрүүлсэн байна. Импортын хэмжээ 6.73 тэрбум ам.доллар болж, 4.82 сая тонн ачааг оруулсан байна. Энэ жил экспортыг 14.3 тэрбум ам.долларт, ачааны хэмжээг 74.6 сая тоннд хүргэхээр ажиллаж байна.
Экспортын 85.3 хувь нь Гашуунсухайт, Замын-Үүд, Шивээхүрэн гэсэн гурван боомтод төвлөрдөг. Импортын ачааны хувь нь 90 хувь Сүхбаатар, Замын-Үүд, Гашуунсухайт боомтод төвлөрч байна” гэдгийг хэлж, боомтуудад хийгдэж буй бүтээн байгуулалтыг танилцууллаа.
Боомтуудад хийгдэж буй бүтээн байгуулалт:
Булган-Такашикэн, Бургастай-Лаоемяо боомтын зураг төслийг улсын төсвийн хөрөнгөөр хийж байна.
Цагаан дээл уулын боомтын зураг төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хийж байна.
Гашуунсухайт-Ганц модны боомтын зураг төсөл, бүтээн байгуулалтын ажил БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хийгдэж байна. Бүтээн байгуулалт 50 хувьтай явагдаж байгаа бөгөөд 2024 онд дуусна.
Замын-Үүд боомтын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хийгдэж дуусаж байна.
Хавирга-Архашаат боомтын зураг төслийг улсын төсвөөр хийж байна.
Цагааннуур-Ташанта боомтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө хийж, баталгаажуулах ажил явагдаж байна.
Арцсуурь-Цагаантолгой боомтын зураг төсөл хийгдэж байна.
Шивээхүрэн, Ханх-Мондын боомтын зураг төсөл 100 хувь хийгдэж дууссан.
Бичигт-Зүүн хатавч боомтын бүтээн байгуулалт эхэлсэн.
Эрээнцав-Соловьевск боомтын зураг төслийн ажил хийгдэж дуусаж байна.
Боршоо-Хандгайт боомтод Азийн хөгжлийн банкны 22 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр бүтээн байгуулалтын ажил хийж дууссан. Тус боомтыг энэ онд нээнэ.
Сүхбаатар боомтод Азийн хөгжлийн банкны 5.2 тэрбум төгрөгийн зээлээр бүтээн байгуулалт хийж, ашиглалтад орсон.
Алтанбулаг боомтын ачаа тээврийн терминалыг энэ сард багтаан ашиглалтад оруулна. Зорчигч тээврийн терминалыг ирэх онд ашиглалтад оруулна.
Азийн хөгжлийн банкнаас 100 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч Ховдын Булган, Баян-Өлгийн Цагааннуур боомтын бүтээн байгуулалтыг ирэх онд хийнэ.
Мөн Б.Тулга сайд "Тяньжин боомтод чингэлэг бөөгнөрч байгаагийн үндсэн шалтгаан нь Монгол Улсад байгааг бид зөв оношлох ёстой. Улаанбаатар хотын ложистикийн төвүүдэд өдөрт 50 вагон тараагаад буулгах дэд бүтэц байхгүй. Төр-хувийн хэвшил хамтран үүнийгээ шийдэж байж Тяньжиний төвлөрлийг ярих ёстой. Тяньжинээс 1000 вагон татлаа ч Монголд буулгаж чадахгүй, бөөгнөрөл үүснэ. Тиймээс хуурай боомтууд, төвлөрсөн хот суурин газруудад ачаа тээврийн терминалуудыг байгуулах ажлыг хувийн хэвшилтэй хамтран хийнэ" гэдгийг тэмдэглэлээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |