Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн бүрэн эрхийн хугацаа ирэх оны хавар дуусна. Украинд сонгууль явуулах эсэх тал дээр тодорхой шийдэлд хүрээгүй, харин холбоотон орнуудынх нь зүгээс сонгуулийг зохион байгуулах нь ардчиллын үнэт зүйл байгааг харуулна гэж ятгаж байгаа талаарх мэдээлэл гарч байлаа. Харин Зеленский мэдэгдэл хийхдээ сонгууль хийх цаг нь одоо биш хэмээн мэдэгджээ.
РБК агентлагийн мэдээлснээр, Володимир Зеленский үдэш бүр иргэддээ хандан хийдэг мэдэгдэлдээ "одоо сонгууль хийх цаг нь биш" хэмээгээд, энэ асуудлыг хэлэлцэх нь "хариуцлагагүй, хөнгөн хуумгай хандаж байгаагийн илрэл" хэмээжээ.
"Одоо бол олон сорилт тулгарсан дайны цаг үе, ийм үед нийгэмд сонгуулийн сэдвийг хөндөх нь огтоос хариуцлагагүй хандаж байгаагийн илрэл гэдгийг бид бүгд ойлгож байгаа" хэмээн Зеленский мэдэгджээ.
Тэрбээр ийм мэдэгдэл хийсэн 11 дүгээр сарын зургааны өдөр Украинд дайны байдал зарласныг дахин 90 хоногоор буюу 2024 оны хоёрдугаар сарын 14-нийг хүртэл сунгах хуулийн төслийг Дээд радад өргөн барьсан байна. Энэ хуулийн төсөл батлагдвал тус улсад сонгууль болохгүй. Украины хуулиар, дайны байдал зарласан үед сонгууль, сонгуулийн кампанит ажил зохион байгуулдаггүй юм.
Зеленскийн бүрэн эрхийн хугацаа 2024 оны тавдугаар сард дуусгавар болно. Дайны байдлын хугацааг сунгах тухай хууль батлагдвал дайны байдал цуцлагдсаны дараа сонгуулийн дүнгээр сонгогдсон дараагийн ерөнхийлөгч албан тушаалдаа очиж хүртэл Зеленский бүрэн эрхээ хэрэгжүүлэх юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |