Хуванцар хог хаягдал байгаль орчинд хортой, олон зуун жилээр задардаггүй тул хүрээлэн буй орчныг бохирдуулсаар байдаг. Тиймдээ ч дэлхийн улс орнууд хуванцараас татгалзах, экологийн цэвэр түүхий эд хэрэглэх тал дээр томоохон алхмуудыг хийсээр байгаа юм.
Хятадын тухайд хуванцарын оронд хулсыг хэрэглэхээр болсон байна. Синхуа агентлагийн мэдээлснээр, хуванцарыг экологийн цэвэр материал болох хулсаар солих ажлыг эрчимжүүлэх гурван жилийн төлөвлөгөөг БНХАУ хэрэгжүүлэхээр болжээ. Энэ төлөвлөгөөнд тусгаснаар, хулс ургуулж, дахин боловсруулж, зах зээлийг тэлэх ажлыг эрчимжүүлэх бөгөөд хуванцар хаягдлыг бууруулах нь энэ төслийн гол зорилго аж.
Төлөвлөгөөний дагуу, ойрын гурван жилд хулсны нөөц ихтэй бүс нутгуудад 5-10 бааз байгуулж, эдгээр нь хулсан брендийн судалгаа хийх, бүтээгдэхүүний стандартыг тогтоох, хөгжүүлэх ажлыг хийх юм байна. Хулсыг сонгосны учир нь энэ нь сэргээгддэг ногоон эх үүсвэрт тооцогддог. Хулс хурдан ургадаг, үйлдвэрлэлийн өөрийн өртөг бага, экологид аюулгүй, хөрсөнд задран шингэдэг юм.
БНХАУ хулсны нөөц ихтэй, аж үйлдвэрийн зориулалтаар хулс боловсруулах салбар Хятадын 20 бүс нутагт тархан байрладаг аж. Энэ улсын Фужянь, Жянси, Аньхой мужуудад Хятадын нийт хулсны талбайн 90 хувь нь ногддог юм байна. Одоогоор Хятадад хулс дахин боловсруулах 10 мянга гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр үйлдвэрийн борлуулалт 2010 онд 11 тэрбум доллар байсан бол 2022 онд 415 тэрбум доллар болтлоо нэмэгдэж, жилд 30 хувийн өсөлттэй байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |