Америкийн жүжигчдийн үйлдвэрчний эвлэл болох SAG-AFTRA Холливудын студиудын сүүлчийн саналыг хүлээн авалгүй, ажил хаялтаа үргэлжлүүлэхээр болсон талаараа мэдэгджээ.
Үйлдвэрчний эвлэлийн мэдэгдсэнээр, кино студиуд хиймэл оюун ухаан ашиглах зэрэг чухал заалтуудтай холбоотой тохиролцоонд хүрч чадаагүй гэнэ. Гэрээ болон хууль ёсны дагуу хиймэл оюун ухааныг нарийвчлан зохицуулж өгөхгүй бол жүжигчдийн ажлын ихэнх хэсгийг хиймэл оюун ухаан өөртөө авахын дээр жүжигчний зөвшөөрөлгүйгээр тэдний дуу хоолойг ашиглах эрсдэл өндөр байгаа аж.
Америкийн 160 мянга орчим жүжигчний ашиг сонирхлыг төлөөлдөг SAG-AFTRA үйлдвэрчний эвлэл ажил хаялт зарласан зохиолчдын тэмцэлд долдугаар сарын 14-ний өдөр нэгдэж байлаа. Жүжигчин болон найруулагчдын үйлдвэрчний эвлэлүүд хиймэл оюун ухаан ашиглахад хязгаарлалт тавихыг шаардаж байгаа бөгөөд хиймэл оюун ухаан зохиолчид болон жүжигчдийн "ажлыг булаана" гэж тэд үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |